Шинийг сэдэх бодлогын онол : Түшмэлтэй заалдсан өндөр өвөг минь

Түшмэлтэй заалдсан өндөр өвөг минь

Түшмэлтэй заалдсан өндөр өвөг минь

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аавтайгаа хамтдаа нэгэн удаа явж байгаад маш гоёмсог хийцтэй модон таягны хугархай оллоо. Тэр таяг нь уран хэлбэр гаргаж, үетэй юм шиг болгож модыг зороод, үе болгон дээр нь хөнгөн цагаан бололтой төмөрлөг эдийг суулгаж гоёсон байсныг аав минь их шохоорхоод, газраас авч дахин дахин хараад байж билээ. Тэгээд дараа нь тэр таягны хугархайг яагаад тэгж шохоорхсон учраа тайлбарласан юм.

Аавыг минь багад гэрт нь бараг л тэр таягны хугархайтай төстэй нэгэн модон саваа шиг зүйл хадгалдаж байдаг байж гэнэ. Тэр зүйл нь үетэй, үе болгон дээр нь зэс хадаас өрөмдөж суулгаад, зэс хадаасны толгойг модноос цухуйхгүй болгож хийсэн, хуваарьтай модон зүйл байсан гэнэ. Аавын ээж аав нь тэр зүйлийг манжийн төрийн түшмэдүүд ардуудаас татвар хураахдаа хэрэглэдэг байсан дэнсний голны хугархай гэж хэлдэг байжээ. Дэнсний гол модны хугархайг гэртээ бараг л бурхан тахилдаа хадгалдаг учраа бас хэлж өгсөн гэнэ.

Аавын маань өвөө, миний бол өндөр өвөг болох тэр хүний гэрт албаны түшмэл татвар хураахаар ирэхдээ дэнсний туухайгаа орхиж ирчээд, туухайныхаа оронд нь гүзээтэй шар тосны булан тавиад, цагаан идээгээр алба авч байсан гэнэ. Гэтэл өндөр өвөг маань

- Та нар залхуурч, туухайгаа орхичоод, гүзээний булан тосыг дэнсний туухай болгож хэрэглэдэг чинь буруу, би албан татвараа ингэж төлөхгүй гэж маргалдаж, улмаар хэрэлдээд, дэнснийх нь гол модыг булааж аваад хуга цохисон гэнэ.

Дэнснийхээ гол модыг хугалуулсан түшмэлүүд татвар авч чадах хөг нь өнгөрөөд

- Төрийн түшмэлтэй үг сөрж, дэнсний мод хугалсан чамайг хошуу ноёнд айлтгаж зарга мэдүүлнэ, хугалсан энэ модоо хошуунаас дуудтал чи өөрөө хадгал гээд татвар авч чадалгүй буцаж гэнэ.

Хошуу ноёны тамгын газраас нь зарлан дуудсан зар ирэхийг хүлээж, нөгөө дэнсний хугархайг хадгалсаар, он жил өнгөрч, сүүлдээ засаг төр нь солигдож ардын засаг иржээ. Гэртээ хадгалсан хугархай дэнс нь хүүд нь шилжээд, аавыг минь төрсөн хойно байсан гээд хөөгөөд бодохоор лав л 1920-оод оноос 1950-аад он хүртэл хадгалагдсан гэсэн үг юм.

Түшмэлтэй тэгж заргалдсан өндөр өвгийг минь нутаг усныхан нь заргач Түндэв гэдэг байжээ. Энэ Түндэв гэдэг хүний эцгийг Гомбо гэх. Би удам судрынхаа талаар үүнээс өөр зүйлийг бараг л хэлж мэдэхгүй шахуу нь одоо ичмээр юм даа.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)