Шинийг сэдэх бодлогын онол : Хонины толгой, сүүлний ашиг тус

Хонины толгой, сүүлний ашиг тус

Хонины толгой, сүүлний ашиг тус

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Аавын маань дурсаж ярьсан сургамжтай түүх сөхье.

Лам нарыг олноор нь барьж хорьсон цагт гэнэ.

Хэдэн зуун хоригдолд хоногийн хоолонд нь бараг л ганц хонь өгөх төдий мөртөө хүнд хүчир ажил хийлгэдэг байж гэнэ. Тэгсэн хэдий ч тэр хорих ангийн хоригдлуудаас тамирдаж ядраад дордсон нь байхгүй байсаар ялаа дуусгадаг байж гэнэ.

Үүний учир нь гэвэл, тэр хорих ангийн тогоочоор нэгэн өвгөн лам ажилладаг, тэр өвгөн орой унтахдаа хуйхалсан хонины толгой том тогоонд хийгээд, зөөлөн галтай орхидог, өглөө нь толгой ялз чанасан тэр шөлөн дээрээ хар цай чанаад хоригдолуудад өгдөг байсных гэнэ.

Ингэж өдөр бүр чанасан толгойн шөлөөр хийцэлсэн цай уусны хүчинд хүнд жилүүдийг ардаа орхиж байсан гэдэг.

Үүнтэй төсөөтэй нэгэн түүхийг бас л ааваасаа дуулж билээ.

1945 оны хавар манай орны баруун хязгаарт хилийн байдал хэцүүдэж, зүүн хязгаарт дайн байлдаан дуусангуут бүх цэргийн хүчээ маршаар хөдөлгөж, зуны турш аялсаар баруун хязгаарт намар орой очоод, олигтой тохижиж чадалгүй өвөлжсөн гэдэг.

Тэр намар цэргийн анги болгон л тарган хонь хагалж идээд, толгой сүүл, гэдэс дотрыг нь тоох хүн бараг гарахгүй байж гэнэ. Гэтэл баруун аймгаас татагдаж ирсэн, бусдаасаа арай ахимаг нэгэн цэрэг

- Та нар ингэж цамаархаж болохгүй, манай Алтай нутгийн хавар урт болдог, зутрана шүү гээд л үглээд байсан гэнэ.

Хавар ч болдогоороо болж, шуурч эхлэхэд хүн малгүй л харангадаж хэцүүдэж гэнэ. Цэргийн нэгэн ангийн даргийн нялх биетэй эхнэр нь хоол унд муутай, дээрээс нь намар оройтож хөлдүү газар барьсан, дулаалга муутай гэрт өвдөөд, хамаг бие нь хавагнаад болохоо байжээ. Тэр дарга нөгөө баруун аймгийн үглээ цэрэгт очоод гуйж гэнэ:

- Танай салааны цэргүүд л ядарсан нь арай бага, бусдаасаа илүү өнгөтэй харагдаад байна. Та нарт идэж ууж байгаа нууц юм байгаа бол илүүчилж өгөөч гэж гуйж гэнэ.

Тэгсэн чинь нөгөө цэрэг өөрсдийн идэж байгаа нууц хүнсээ үзүүллээ гэнэ.

Тэр нь ердөө л шуудайтай гурил байж гэнэ. Гайхсан цэргийн дарга ойртоод үзтэл шуудайтай гурил дотор хонины сүүл шургуулсан байсан гэнэ. Намар идсэн хониныхоо сүүлний годыг шулж аваад, шуудайтай гурилан дотор хийгээд орхиход сүүлний тос, нүнжиг нь гуриланд аажимдаа тардаг, хавар нь ийм гурилаар хийцэлсэн цай уухад л одоогийн хэлээр бол сэргээш болдог байсан гэнэ. Сүүлний годыг шулж авахгүй бол сүүл нь удаан хадгалахад өмхийрч өтдөг юм гэнэ лээ.

Монголчуудын аж төрөх ухаан гэж үүнийг л хэлдэг байсан ажгуу.

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)