Шинийг сэдэх бодлогын онол : Хэлд орсон минь

Хэлд орсон минь

Хэлд оруулсан нь

Аавынхаа гэгээн дурсгалд зул болгон өргөмүй.

Багад минь ээж аав завгүй их ажилтай, угаасаа л улсаараа тийм байсан цаг байх даа, намайг төрөөд 45 хоногтойд байхад яслид өгөөд ээж ажилдаа орсон гэдэг.

Гэрийнхэн дотроосоо ясли, цэцэрлэгээр хамгийн их, тасралтгүй явсан нь би болой. Бас багаасаа яслиар явснаас болсон уу, юуныхыг мэдэхгүй, хэлд оролгүй хамгийн удсан нь би гэнэ.

Ухаан орохын л миний хэлсэн ярьсныг гаднын хүмүүс ойлгодоггүй, шоолж бөөн инээдэм болдог байж билээ.

Бүр хожим намар нь 8 нас хүрнэ, сургуульд орно гээд, хавар нь бэлтгэл болгож, аав минь гэрээр надад үсэг нүдлүүлж байхад нь би Р авиаг дуудаж хэлж огт чаддаггүй байваа.

Тэгтэл нэг өдөр аав минь дүү бид нарын тоглоом дотроос хэсэг хавтгай гуулин төмрийг олзуурхан авч,

- Аав нь хүүгээ Р үсэг хэлж чаддаг болгоно, нааш ир гэлээ.

Намайг дөхөөд очтол, миний амыг ангайлгаад, нөгөө хавтгай гуульныхаа нэг үзүүрийг өөрөө гараараа бариад, нөгөө талыг нь миний хэлэн дээр тавиад

- Одоо Р гэж хэлээрэй гэв.

ХАР, МОРЬ гэх зэргээр оролдсоор, тэгж хэлэх бүрт би засарсаар, урам орсоор орой ээжийгээ ажлаас тарж ирэхэд нь Р-Р-РР гэж уянгуулан хэлдэг болсон билээ.

Хожим ээжид аав минь ярих нь, хэл муутай, хэлгийдүү хүүхдийн хэлний согогийг засахдаа, Голын хавтгай чулууг хэлэн дээр нь тавиад, муу хэлдэг үгийг нь хэлүүлдэг гэж хүнээс сонссон, тэгж дуулсанаа арай өөрөөр, над дээр туршсан нь тэр юм билээ.

Тэгж аавынхаа буянаар монгол хэлний хэдэн авиагаа хэлж, дуудаж чаддаг болсон юм шүү, би.

Сүүлд, дээд сургуульд орсон хойноо сонссон өөр нэгний алдартай жишээг бас хавсаргалаа. (Бусдыг байлдан дагуулах ба Илтгэх урлаг, Нийтэлсэн E.Javza)

... МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатай байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. 

Дурсамж бичсэн Т.Батууг

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)