Шинийг сэдэх бодлогын онол : 30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд

30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд

30 настанд өгөх амин чухал зөвлөгөөнүүд

Эх сурвалж: viva.mn

Америкийн зохиолч, бизнесмен Марк Мэнсон 30 нас хүрснийхээ дараахан цахим хуудсандаа 37-с дээш настай хүмүүсийг амьдралынхаа туршлагыг хуваалцан зөвлөгөө өгөхийг уриалсан захидал бичжээ. 600 гаруй хүн хариу ирүүлснээр Марк арвин баян зөвлөмжийн сантай болсон байна. Эдгээр санаануудыг ангилж байгаад Марк 5-6 зөвлөгөөг хүн бүр өөр өөр хэлбэрээр давтан анхааруулж байгааг анзаарсан байна. Чухамхүү энэ санаанууд л Маркийн эрж хайгаад байсан ахмадын “ амьдралын мэргэн ухаан “ байсан бололтой. Ингээд хамгийн олон удаа / хэдэн зуун удаа / давтагдсан зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе.

1. Өтөл насандаа хэрэглэх хуримтлалыг хойш тавилгүй одооноос эхлэн бий болго!

- “ ...30 хүртлээ би юу ч мэддэггүй явжээ. Харин та ингэж болохгүй, оройтоогүй дээрээ бэлтгэлтэй бай! Даатгал, тэтгэвэр, ипотекийн хуулиудыг сайн судла, хэрэг болох өдөр ойртож байгаа шүү...”

Энэ бол бараг бүх захидлын хамгийн гол зөвлөгөө юм. Санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хөгширсөн хойноо хэрэглэх хуримтлалтай болохын тулд дараах зүйлүүдийг даруй хийх хэрэгтэй гэнэ. Үүнд:

Бүх өр шир, тавьсан зээлээ яаралтай төлж дуусгахад хамаг анхаарлаа хандуулах
Хувийн “ Зохицуулах фонд “-той болох. Ямар нэгэн асуудал /эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлалт, бизнесийн алдагдал/ тулгарахад бэлэн биш байснаас олон мянган хүн амьжиргааны эх үүсвэргүй хоосрон үлдсэн жишээ өч төчнөөн байдаг.
Цалингийнхаа гуравны нэгийг өр зээлээ хурдан дарахад зарцуулж, зээлээ дуусмагц хадгаламжинд хийж байх.

Бодлогогүй наймаа бүү хий. Ипотекийн зээлийн нөхцөлийг хангалттай биелүүлж чадах санхүүгийн боломжтой болохоос нааш орон сууц худалдан авах гэж яарсны  хэрэггүй.

Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийж болохгүй. Биржийн брокеруудад бүү итгэ!

2. Эрүүл мэнддээ одооноос эхлэн анхаар !

“ ...Хүний оюун ухаан бие организмаасаа 10-15 жилээр залуу явдаг юм. Эрүүл мэнд тань бодож байгаагаас чинь хурдан муудна. Та анзаарч ч амжихгүй...”

Бид эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй гэж мэднэ. Зөв хооллож, спортоор хичээллэж, ажил амралтаа зохицуулж байх ёстой гэж мэднэ. Гэхдээ яагаад ахмадууд эрүүл байж эрүүл өтлөхийг чухалчлан захиад байгаа юм бол?

Бидний бие махбодь ганцхан өдрийн дотор гэнэт муудчихдаггүй, олон жилийн турш “ сэм сэмхэнээр “ элэгдэлд орж доройтсоор байдаг аж. Одоо та энэ доройтлыг саармагжуулан удаашруулахад анхаарах хэрэгтэй.

Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөгсөд бүгд л  “Хэрвээ цаг хугацааг ухрааж, бүхнийг шинээр эхлэх боломж олддогсон бол, би эрүүл зөв хооллож насан туршдаа спортоор хичээллэх байсан. Өмнө нь би буруу зуршлаа зөвтгөх арга л хайдаг байснаас биш үр дагаврыг нь төсөөлж байсангүй.“ гэж харамсдаг. Үүнийг байнга санаж яваарай !

3. Өөртөө муу байдаг хүмүүстэй битгий харьцаж бай !

“... Таны амьдралд хэрэг болохгүй амлалт, үйлдэл, хүмүүст “ үгүй “ гэж хэлж сур. Сайн хүн байхын тулд заримдаа хатуу чанга байх хэрэгтэй байдаг юм...”

Энэ зөвлөмж нилээд хачирхалтай. Ахмадуудын захианаас үзвэл тэд өнгөрсөн үед буцаад очиж болдог бол хувийн амьдралдаа нилээд хязгаарлалт хийж, аль болохоор сайн хүмүүстэй л нөхөрлөж, цагийг өнгөрөөх байсан гэнэ. Энэ нь яг юу гэсэн үг юм бол?

Заримдаа хүмүүс бусдыг гомдоохгүйн тулд, бусдад таалагдахын тулд, эсвэл өөртөө сайн ханддаг болгохын тулд дургүй зүйлээ хийхэд хүрдэг. Ингэснээр бусдын эрхшээлд орохоос эхлээд олон сөрөг үр дагаврыг бий болгодог байна.

Ялангуяа санхүүгийн болон бусад ашиг хонжоо, сэтгэл хөдлөл зэргээс үүдэлтэй үйлдэл маш том гамшигт хүргэж болзошгүйг үргэлж санаж муу зүйлээс холуур яв !

4. Дотно хүмүүстээ сайн хандлагаа илэрхийлж бай!

“ ... 30 наснаас хойш хүмүүсийн амьдралд янз бүрийн саар зүйлс тохиолдох нь элбэгшдэг. Эцэг эх,  чинь байхгүй болж болно, гэр бүлийн чинь хүн урваж ч магадгүй, хүүхдүүд өсөж томрохын хирээр асуудал үүсгэнэ. Энэ үед л хүн өөртөө гэмшихийн зовлонг эдэлдэг юм даа...”

Иймээс гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ дотно харьцаагаа илэрхийлж аль болох олон удаа уулзаж учирч байх хэрэгтэй.

5. Хүн амьдралдаа бүхнийг зэрэг амжуулж чадахгүй, харин юуг сайн чадаж байна, түүн дээрээ л төвлөр !

 “...Амьдрал бол солилцоо учир заримдаа буулт хийж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг олж авахын тулд нөгөөг алдаж магадгүй. Бүхнийг зэрэг авна гэж байдаггүй юм...”

Залуу хүн мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Бодит байдалтай нүүр тулаад зарим нь амархан бууж өгч байвал буруу зүйлээ барьж авсны шинж. Амьдралд хөлөө олтол их удна. 10 жилийн дараа сая нэг юм мөрөөдөл чинь биелэх цаг ирж ч болзошгүй.

Чи үүний л төлөө зүтгэсэн шүү дээ. Чи хамаг бүхнээ үүнд л зориулсан юм чинь одоо яагаад орхих гэж ?

6. Заримдаа аз сорихоос бүү ай, та одоо ч хувь заяагаа өөрчилж чадна.

30 настай хүн амьдралынхаа замыг голдуу сонгочихсон байдаг ч хэрэгцээ гарвал өөрчилж болно шүү дээ.

“ ...Өнгөрсөн зүйлийг өөрчлөөд яахав гэсэн шийдвэр гаргачихаад хожим нь байнга харамсаж суудаг хүмүүстэй би олон удаа учирч явсан. 10 жилийн өмнө шийдвэрлэчих асуудлыг хойш тавьсаар яваад хямралд орно гэдэг бол байж болшгүй эндэгдэл...”

30 гармагц ажил алба, гэр бүл, санхүүгийн хувьд ч төлөвшсөн байхыг нийгэм, олон нийт шаарддаг нь үнэн. Гэхдээ чи өөрөө сайн итгэлгүй байвал бусдын аяыг дагаж амьдрах шаардлагагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэд, хэнээр ч бүү заалга. Гэхдээ дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй шүү.

7. Та байнга өсөж хөгжиж байх хэрэгтэй.

“ ...Танд алдаж хэрхэвч болохгүй 2 үнэт зүйл байна. Нэг нь бие организм, нөгөө нь оюун ухаан чинь. Олонх хүмүүс 25 хүрээд л өөрийгөө хөгжүүлэн боловсруулахаа больчихдог. Үүнийгээ завгүй гэдгээр тайлбарладаг. Харин та үргэлжлүүлэн суралцаж, ой ухаанаа хөгжүүлж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаардаг бол өтөлсөн хойноо ч үе тэнгийнхнээсээ гэрлийн хурдаар түрүүлж байх болно...”

Нас тогтсон хойноо давхар мэргэжил эзэмшиж, семинар курст суухад 20 настай үеийнхээсээ хамаагүй үр ашигтайгаар цагаа зарцуулж, ашигтай хувилбараар суралцаж чаддагийг олон хүн нотолсон байна.

8. Ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй учир элдэв зүйлд санаашрахгүй амьдарч сур !

“ Хэн ч 5 жилийн дараа юу болохыг тааж чадахгүй. Заримдаа таны хүссэнээр болно, заримдаа эсрэгээр. Аз болоход баримжаа, хүлээлт, боломж гэсэн зүйлүүд бас тантай хамт байх тул бэлтгэлтэй байж, муу үр дагавраас зайлсхийж болно. Эс чадвал өөрийгөө зовоох шаардлагагүй...”

Таны хувьд одоо их чухал байгаа зүйл 10 юмуу 20 жилийн дараа огтхон ч хэрэгцээгүй болж мэдэх юм. Тэгвэл санаагаар унах хэрэггүй. Энэ бол “хөгжил “.

Бүх зүйл хөгжин өөрчлөгддөг тул дасан зохицож, хуучинтай зууралдалгүй амьдарч сур !

9. Гэр бүлээ бүхнээс дээгүүр тавьж үнэ цэнийг нь мэдэр !

“...Хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөж бай. Та нар өсөж ухаажихын хирээр харьцаа чинь өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх нь өөрсдөөс чинь л шалтгаална. Байгалаас заяасан цаг хугацаандаа гэр бүлийн зөв харьцаа тогтоож, аз жаргалтай амьдрах хэрэгтэй...” 

Захидал бичсэн хүмүүс бараг бүгд гэр бүлийн асуудлыг хүний амьдралын хамгийн гол зүйл гэж үзсэний дээр гэр бүлийн гишүүдийн үнэнч сэтгэл нь аз жаргалтай амьдралын үндэс суурь гэдэгт санал нэгджээ.

10. Өөрийгөө хайрлаж хүндэлж сур !

“... Өдөр бүр өөрийгөө баярлуул, сар бүр өөртөө зориулж нэг зүйл хий, жил бүр нэг гайхалтай юм бодож ол... ”

Захидал бичсэн хүмүүс янз янзын байдлаар өөрийгөө хайрлахын чухлыг ихэд анхааруулсан байлаа. Үнэхээр өөрөөс чинь илүү чамайг мэддэг, хайрладаг хэн байх билээ? Өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлах нь юу л бол? Тэгвэл өөрийгөө ч, өрөөлийг ч хайрладаггүй хүн яаж амьдрах болж байна?

58 настай Мартины хэлсэн үгээр мэдээллээ дуусгая.

“Намайг 40 нас хүрсэн өдөр эцэг маань: Чамд 40 нас чинь таалагдана. Яагаад гэвэл чи хорин настайдаа бүхнийг мэддэг гэж бодож байсан, гучтайдаа үгүй юм байна гэдгээ ойлгосон, одоо дөч хүрээд л нэг тайвширч, байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авдаг болно. – гэж хэлж байж билээ. Би 58 хүрч байж түүний хэлсэн үнэн болохыг ойлгосон. “

Харин та нар юу гэж бодож байна ? 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)