Шинийг сэдэх бодлогын онол : Жижигхээн Дэлхийд зориулсан ШинэСэБО

Жижигхээн Дэлхийд зориулсан ШинэСэБО

Жижигхээн Дэлхийд зориулсан ШинэСэБО

ТРИЗ для маленькой планеты Земля

© Анатолий Александрович Гин, Сергей Алексеевич Фаер

Шилдэг танкны шилдэг эд анги

Т-34. Энэ нэр дэлхийн хоёрдугаар дайны үеийн шилдэг танкны билэг тэмдэг болон сонсогддог билээ. Харин одоо анхаараарай: Таны бодлоор танкны ямар эд анги хамгийн сайн нь вэ? Хамгийн хугаршгүй бөх, хамгийн эвдэршгүй бат, шатдаггүй, живдэггүй тэгээд бас хямдхан нь?

Бид маш олон удаа энэ асуултыг бизнесмен, багш, инженер гэх мэт янз бүрийн хүмүүсд тавьж байлаа. Хариулт ч олон янз: их буу, гинж, хуяг бүр тэр битгий хэл ... танкчин гэсэн гээд. Тэгвэл одоо алдартай танкны ерөнхий зохион бүтээгч авъяаслаг инженер Кошкины хариултыг сонсоё: “Танкны хамгийн сайн эд анги гэдэг бол танкинд байхгүй эд анги юм”. Үнэхээр ч байхгүй эд анги шатахгүй бас эвдэрэхгүй...

Энгийн байх тусмаа илүү найдвартай. Нөгөөтэйгүүр төвөгтэй зүйлийг энгийн болгож хийх нь хялбар ажил биш. Сонгодог ч гэмээр жишээ: “орос гэрлийн” түүх байна. XIX зууны сүүлийн хагас хүртэл европын бүх гудамжыг нуман буюу “орос гэрлээр” гэрэлтүүлж байлаа. Гэрэлний гол хэсэг нь хүчдэл өгөхөд цахилгаан нум үүсч тод гэрэлтдэг, хоёр нүүрсэн саваа юм. Харин одоо асуулт: хоёр нүүрсэн савааны үзүүрүүд шатах хэрээр хоорондох зай нь тогтмол байлгахын тулд яах хэрэгтэй вэ? Энэ бодлогыг үе үеийн инженерүүд шийдэх гэж хичээжээ. Шатахын хэрээр нь ойртуулдаг цагтай механизм бодож олсон байна. Араа, пүрш, хөшүүрэг, дамжуулах төхөөрөмж – энэ болгоныг тэгээд тохируулж, тослож засаж байх ёстой.

“Орос гэрэл” аргагүй л баян хүний тансаглал байжээ. Тэгээд үүнийг яаж хямдхан тэгээд бас найдвартай хийх вэ? Гэвч бид одоо байхгүй механизм л хамгийн сайн нь гэдгийг мэддэг болсон шүү дээ. Жоохон зөгнөе л дөө: Нөгөө нүүрсэн саваанууд маань ямар ч цагны механизмгүйгээр, хоорондох зайгаа ӨӨРСДӨӨ тохируулна гэж бодъё... Тэгвэл юу болох вэ? Зүгээр л хий мөрөөдөл үү?

Үгүй ээ – энэ бол хүчтэй сэтгэлгээний “жам ёсны” л хувиралт юм. “Орос гэрлийн” бодлогыг инженер Яблочкин чухам ингэж шийджээ. Тэрээр саваанудыг ердөө л зэрэгцүлж тавьжээ. Гайхамшигтай юм болгоны л адилаар энгийн. Анх харахад бүтэшгүй мэт байсан зүйл нь зохион бүтээх бодлогын Төгс Төгөлдөр Шийдэл байж болдог байна.

Төгс Төгөлдөр Шийдэл – зохион бүтээх бодлогын орчин үеийн онол болох ШинэСэБО- гийн ойлголт юм. “Орос гэрлийн” бодлого бол бүтээлч сэтгэхүйг хурцалж өгдөг сургалтын хэдэн мянган бодлогын нэг нь л юм. Энэхүү онолын хангалттай боловсролтой хүн, урьд нь зөвхөн “гоц авъяастнууд”- ын л олж чадахуйц хурц шийдэл рүү ЗҮЙ ТОГТОЛын дагуу очиж чаддаг юм.

Товч түүх

Хүн төрөлхтөн “яридаг утас”- ны дэргэдүүр өнгөрч болох уу? Өөрөөр хэлбэл утасыг зохион бүтээхгүй байж болох байсан уу? Пэйдж болон Рэйс нарын туршилтын дараагаар, цахилгааныг тэгтлээ их сонирхож байсан бас алс зайд дуу авиаг дамжуулах бодит хэрэгцээг тооцвол утас зохиогдох нь зайлшгүй байжээ. Ганц жилийн дотор утас зохиосон тухай патентийн өргөдөл хоорондоо үл хамаарах хэдэн хүн гаргаснаар энэ нь ч батлагддаг юм. Мөн иймэрхүү түүхийг радио болон телевиз зохиосон тухайд батлаж болно. Тэгвэл зохион бүтээх арга зүйн хувьд байдал ямархуу байх бол?

Өөрсөө дүгнэ л дээ. Зохиосон бүтээлийн тоо цаг хугацаанаас хэрхэн хамаарсныг харуулсан Мэмфордын графикыг үзүүллээ. Энд муруйнаас хазайсан тохиолдол нь улс төр - эдийн засгийн үйл явдал болон дайн зэргээр тайлбарлагдана.

Энэ график нь экспоненциал хэлбэртэй. Яг л цасан бөмбөг адил бүтээлийн тоо өсч, шинэ зүйлээр оролдох хүний тоо ч нэмэгдэнэ. Бүтээл яаж “боловсордог” тухай бодох нь энд хангалттай юу? Зохион бүтээгч оюуны ямар алхамууд хийдэг болоо? Яаж түүнд туслах вэ?

ХХ зууны 40 – оод оны үед тус болох зорилготой аргачлалууд борооны дараах мөөг адилаар олширсон юм. Хамгийн овсгоотой нь АНУ байж араас нь баруун Европ дагаж байлаа. Сэтгэхүйн дайралт, хяналтын асуултын арга, хэлзүйн шинжилгээ энэ бүгд зохион бүтээх ажилд шинэ хандлага өгсөн юм. Тэдгээрийг нэг л нэгтгэж байсан нь бүгдээрээ сэтгэл зүй болон логик дээр тулгуурласан, ганц нь ч шинжлэх ухааны онол дээр тогтоогүй байжээ.

Энэ үед Зөвлөлт Холбоот Улсад сургуульд байхын л зохион бүтээх замаа эхэлсэн залуухан цэргийн инженер Генрих Альтшуллер патентын санг судлаж байв. Гайхамшигтай, хүчтэй тэгээд бас гоё бүтээлийг хооронд нь юу нэгтгэж байдгыг л тэрээр олж мэдэхийг хичээсэн юм. Чухам энэ үеэс л Төгс Төгөлдөр Шийдэл гэсэн ойлголт бий болжээ. Жил орчмын дараа сэтгэл зүйн онцлогоос гадна, сэтгэх аргыг тодруулж олох хэрэгтэй бас техникийн хөгжлийн зүй тогтлыг ашиглана гэдгийг Альтшуллер ойлгожээ. Ингэж л ШинэСэБО үүссэн юм даа.

Зөвлөлт улсад нам төрийн ямарч дэмжлэггүйгээр өргөн олон нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулах нь хялбар байсан болов уу? “Ямарч дэмжлэггүйгээр” гэдэг бол нөхцөл байдлыг зөөлнөөр үнэлсэн хэрэг. Зургаан жил шоронд хорилоо, гэхдээ л буудан алах ял өгчихөөгүй... “Комсомолын үнэн” сонинд дуулиант өгүүлэл гарлаа, гэхдээ л хоёр дахь удаагаа шоронд хорьсонгүй...

Ийм хөдөлгөөн үүсч хөл дээрээ бат зогсон Зөвлөлтийн бараг бүх томоохон хотуудад ШинэСэБО- ын олон нийтийн сургууль ажиллаж, Альтшуллерын эсвэл түүний шавь нарынх нь семинарыг дамжсан мянга мянган хүн, хэдэн арван ном, шийдэгдсэн техникийн хэдэн мянган бодлого яригдаж байлаа.

Өнөөдөр ШинэСэБОнолоор АНУ, Канад, баруун европын томоохон компаниудад зөвлөгөө өгч, дэлхийн тэргүүний их сургуулиудад хичээл зааж байна. Үйлчлүүлэгчидийн тоонд «Форд» ба «Дженерал моторс», «Катерпиллер» болон «Проктер энд Гэмбл», «Самсунг» болон «Жилетт», «Кодак» болон «Ксерокс»… орж байна.

Зах зээлийн бодит хэрэгцээг хангаж байгаа чухам учраас л хөдөлгөөн ийм амжилттай хөгжиж байгаа юм. Мөн түүнчлэн Генрих Альтшуллер албан тасалгааны онолч бус амьдралын өргөн дэлгэр мэдлэгтэй байсных юм. Тэрээр онолынхоо амьдрах эсэхийг шийдэх ямар ч асуудлыг бүр хамгийн хүнд нөхцөлд ч шийдэж чаддаг байсан нь техникийн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн шинжтэй асуудлууд байжээ.

Ер нь техникийн асуудлууд цаашид оршин байх болов уу?

Дэлхий ертөнц маань улам жижгэрсээр л ...Норилскийн уулын баяжуулах үйлдвэрийн яндангийн утаа нь скандинавчуудын эсэргүүцлийг төрүүлнэ. Дунай мөрөнд Чехийн нутагт хаясан үйлдвэрлэлийн хаягдал нь югославчуудын эрүүл мэндэд цохиот болно. АНУ- д 9- р сарын 11- нд болсон довтолгоо нь олон улсуудыг армиа бэхжүүлэхэд хүргэнэ. Оросын “Юкос”- ын асуудал нь зөвхөн бизнесменүүдийн төдийгүй улс төр, цэргийнхний сонирхлыг хөндөнө. Орчин үеийн дэлхийд техник, анагаах ухаан, урлаг, үзэл бодол, улс төр гээд л бүгд хоорондоо холбоотой. Яг л цагны механизмийн нэг арааг хөдөлгөхөд бусад нь дагадаг шиг болжээ.

Орчин үеийн дэлхийн бүх асуудал нь цогц, гинжин холбоостой, зөрчлийн бөөгнөрөл юм. Та “огт шатдаггүй” чийдэн зохиож чадсан хүнийг төсөөлөн бод доо. Харахад ердийн мэт атлаа 100 жил ашиглаж болно гэж бодъё. Дажгүй байгаа биз? Одоо асуулт байнаа: энэ бүтээлийг амьдралд нэвтрүүлэхэд хэцүү байх болов уу? Ердийн чийдэнгийн ашиглалтын хугацааг 5- 10 % өсгөх л ажиллаж байдаг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, тэдгээрт ажиллагчид, энэ сэдвээр диссертац бичиж хоолоо олж иддэг хүмүүс... Тэгээд тэднийг энэ бүтээлд шүүмжлэгчээр уривал юу болох бол? Та бас дэлхийн хэмжээний «Катерпиллер» «Филипс» гэх мэтийн компаниудын замыг хөндөлсөж байвал яана. Нийт хичнээн суурь машин хог руу ачигдах бол? Хэдэн ажилчин гудамжинд лааз өшиглөх бол? Гэх мэтээр энэ чийдэнг үйлдвэрлэдэг үйлдвэр нь бүхэл хотыг тэжээдэг бол яах вэ?

Албан ёсны бус мэдээгээр бол иймэрхүү чийдэн аль хэдийнээ зохиогдсон байна. Гэвч энэ чийдэнг бид мөддөө олж харахгүй гэдэг нь Танд ч бас ойлгомжтой болсон байх.

Техникийн чанартай томоохон ямарч бүтээл нь өнөөдөр араасаа нийгэм зүйн үр дагаварыг дагуулдаг тул нийгэм зүйн бодлого болон хувирдаг. Эдийн засаг, байгаль хамгаалал, террористоос хамгаалах гээд л хүний бүхий л үйл ажиллагаа нь хооронд нь салгахын аргагүй техникийн болон нийгмийн бодлогыг цогцоор нь шийдэхийг шаарддаг юм.

Бодлогууд цогц байдаг

Үнэнийг хэлэхэд бодлогууд хэзээнээсээ л цогц байсан юм. Бодлого том байх тусам түүнд янз бүрийн чиглэлүүд илүүтэйгээр илэрч байдаг. Өгөгдсөн нэг л бодлогыг техникийн буюу биологийн, цэргийн буюу зар зурталчилгааны гэж ойлгож хүлээн авч болно. Иймэрхүү жишээг түүхээс олж харахад хялбар байдаг.

1427 он. Вьетнам. Хятадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг босогчдыг Ле Лоя удирдаж байлаа. Цэвэр цэргийн бэлтгэлээс гадна тариачдыг уриалан дуудаж чадахуйц Гайхамшиг хэрэгтэй гэдгийг түүний зөвлөхүүд ойлгож байлаа...

Хэрвээ жинхэнэ Гайхамшиг өөрөө бий болдоггүй юм бол түүнийг гардан бүтээх хэрэгтэй. Асар олон тооны модны навчин дээр “Ле Лой эзэн хаан болно” гэсэн бичгийг маш уран нарийнаар бичжээ. Үүнийг ханз үсгийн хэдхэн татлагаар бичдэг байна. Гол нь ингэж бичихдээ бэх биш харин ... гахайн өөх ашиглажээ.Шоргоолжнжууд тостой хэсгийг идэж, үр дүнд нь навчин дээрх бичиг цоолборлосон мэт харагдана, тэгээд энэ навч нь салхиар хаа сайгүй тархана.

Вьетнамчууд навчийг дээд тэнгэрийн бошго хэмээн хүлээн авч эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг шийдэмгий тулалдлаа... 1428 онд Вьетнам чөлөөлөгдсөн байна.

Орчин үеийн дэлхийд бараг бүх бодлого цогц болсон байна. Энэ нь сайн муу алин ч биш харин зүгээр л өгөгдөл гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв бодлогоо техникийн буюу шинжлэх ухааны гэсэн ангилалд хамааруулаад шийдэж чадлаа ч гэсэн нэвтрүүлэхэд ядаж л бизнес болон удирдлагын оролцоо байж л таарна. Тэгээд ч “хэт техникжсэн” эсвэл “хэт шинжлэх ухаанжсан” бодлогын хариуны чадваргүй байдал нь өмнөх үеийн амжилтуудыг үгүйсгэж байна.

Логистик буюу хангамжийн тулгуур зарчмууд 70- аад оны эхээр тогтсон байна. Аж ахуйн байгууллагууд тэдгээрийг үйлдвэрлэлд хэрэглэж эхлэмэгц л дунд болон зарим дээд түвшний менежерүүдийн эсэргүүцэлтэй санаандгүй тулгарсан байна. Худалдан авах, тээвэрлэх, дахин боловсруулах гэсэн уламжлалт ажиллагааг гүйцэтгэж дассан тэд удирдлагын шинэ хэв маягийг нэвтрүүлэхэд гол садаа нь боллоо. Өөрчлөлтийн эцсийн зорилго нь ерөнхий зардлыг бууруулах байсан бөгөөд энэ явцад хэсэг тус бүрийн хараат байдал тодорхой хэмжээгээр алдагдаж байснаас л тэд дуулгавартай “эрэг боолт” болж хувирахыг хүссэнгүй.

Мөн эсрэг тохиолдолд, сайн шийдсэн нийгмийн асуудал нь техникийн дэвшлийг хурдасгадаг юм. АНУ- д вакуум үүсгэж гагнасан эзлэхүүнд татвар ногдуулсан нь радио төхөөрөмжийн үйлдвэрлэлийг нүсэр вакуум эд ангиас татгалзаж өчүүхэн жижиг овортой ламп, транзситор хөтлөсөн юм.

ШинэСэБО- ын үүднээс харахад техникийн болон нийгмийн бодлогын шийдэл нь олон талаараа нийтлэг юм. Нийгмийн бодлогод ч гэсэн асуудлын үүсгэвэр нь ӨӨРӨӨ энэ асуудлыг шийдэж чадахаар тийм Төгс Төгөлдөр Шийд байдаг. Жишээ нь, экологийн асуудал байна- аж ахуйнууд хаягдлаа шууд задгай хаяж олигтойхон цэвэрлэх тухай огт санаа тавидаггүй. Мэдээж торгууль ногдуулж болох ч “нүд цавчихгүй” манах шаардлага гарч “муур- хулгана” болцгоож эхлэнэ. Тэгвэл аж ахуйн нэгж, үйлдвэрийг хаягдлаа хаяж байгаа голынхоо урсгалын доороос усаа авдаг болгох хууль батлая л даа. Хэрвээ цэвэрлээгүй л өөрийнхөө бохирыг хэрэглэ... Энэ бодлогыг шийдэх өөр ч арга бас байж болох юм.

Өөр нэгэн аргыг америкт туршжээ. Арга нь энгийн: үйлдвэр болгон жилд гаргадаг хортой хаягдлаа тооцоолох ёстой. Нүүрсхүчлийн хий СО тэдэн тонн, SO тэд, фреон тэдэн тонн гэх мэтчлэн. Тэгээд энэ тоонууд үйлдвэрийн удирдлагаар батлагдаад цааш явна гээд төсөөл дөө. Цаашаа гэж хаашаа вэ гэж үү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү. Иймд хүссэн ч хүсээгүй ч дээрх тоонуудыг ирэх жил тэдээр багасгана гэсэн амлалт дагалдана. Үйлдвэрлэлийн аваргууд болох "Монсанто", "Дюпон"комданиуд энэ тухайгаа хэвлэлээр албан ёсоор зарлана.

Техникийн бодлогыг шийдэхэд физик, химийн үйлчлэлийг ашигладаг бол нийгмийн бодлогыг шийдэхэд сэтгэл зүйн болон нийгэмзүйн үйлчлэл шаардагдана. Бодисын шинж чанарын оронд сэтгэлгээний шинж чанар, ургуулан бодох ертөнц, хүлээн авах ертөнцийн онцлогуудыг, техникийн багаж хэрэгслийн оронд хууль тогтоомж, татварын тогтолцоо, байгууллагын бүтэцийг тус тус тооцно.

ШинэСэБО бол шинэхэн шинжлэх ухаан. Энэ онол нь инженер- техникийн салбар ухаан болтлоо өсөж томорсон гэж хэлэхэд ч хараахан эртдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтөн нийгэмзүйгээс техникийн салбарт илүү амжилттай байгаа нь маргаангүй. Сугар гариг руу хиймэл дагуул хөөргөх нь эх дэлхий дээрх хөрштэйгээ энх тайван тогтоох тухай хэлэлцэхээс ч хялбар санагдана. Ийм учраас нийгэмзүйд шинийг сэдэх талаар онол- практкийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал болж байна. Магадгүй энэ нь бид жижигхэн эх дэлхийгээ хадгалж үлдэх аргуудын хамгийн чухал нь ч байж болох юм.

Орчуулсан Т.Батууг 2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)