Шинийг сэдэх бодлогын онол : Дайралтын өнцөг 5-р хэсэг

Дайралтын өнцөг 5-р хэсэг

new

© Альтшуллер Г.С., 1993

Дайралтын өнцөг

(өгүүллэг)

5-р хэсэг.

Цааш нь би бараг автоматаар ажиллалаа. Түргэн гэгч нь бүх хаалтуудыг онгойлгоход, шуугих нь сонсдож, манометрийн зүү баруун тийш хөдөлж эхэллээ. Би “Яст мэлхий”- ний урд хэсэг хаашаа чиглэснийг шалгаж харвал бүгд хэвийн байв. Яшка завийг маань бөгсөөр нь эрэг рүү харуулж амжиж. Зүү “3” гэсэн тоо руу дөхлөө. Одоо хоёр нүдээрээ энэ зүүний заалтыг сайн харж байхгүй бол тун болохгүй, учир нь бидний хийсэн түлшний сав ямар найдвар муутай билээ, их даралтыг тэсэхгүй байх ч магад.

Зүү тав дээр очингуут л би асаах хаалтыг нээнгүүтээ асаалтыг залгалаа. Тэр агшинд дэргэд шил хагалах мэт маш чанга хонхдох мэт дуу гарч, тэгэнгүүт тэсэрлээ. Энэ чимээ нь өчигдрийнхөөс ялгаатай байсан нь, ганц зааны тугал хошуугаараа дуугарахаас насанд хүрсэн том заануудын бүтэн сүрэг орилохтой л адил байв.

Би жолоогоо зуурсан чигээрээ нүдээ таг аниад хөшчихжээ. Тэр хоромд миний толгойд эрэг рүү эргэж харах бодол огт ороогүй юм. Эргэж харсан сан бол доо! “Яст мэлхий” эргээс ердөө таван алхам хүрэхгүй зайд, яндангаа хүлэээн авах комиссын гишүүд рүү чиглүүлсэн, бас Николай Борисович тэдэнд тийрэлтэт хөдөлгүүрийн зарчмыг тайлбарлаад л. Сергей Андреевич арай илүү туршлагатай гэсэндээ онгоц дэлбэрэхийг нэг ч удаа хараагүй хүн болох Колбыг холд гэж чимээгүйхэн зангах авч, цаадах нь дохиог нь анзаарсангүй. Чухам энэ агшинд л би асаалтаа залгажээ.

Дараа нь би нүдээр үзсэн гэрчүүдээс удаан хугацаанд дахин дахин асуусан сан. Янзан бүрээр л ярьцгаах аж. Домог ямар хурдан үүснэ вэ, тэгээд бас дандаа хэтрүүлэгтэй гээч. Тэгээд тэр домогийнхоор бол комиссын гишүүдийг бараг л салхи авч шидсэн юм байх аа. Ойролцоо нь байсан үзэгчид ч бас тиймэрхүү оролцоотой гэх. Бусад нь бага зэрэг айснаасаа холдсон гэж ярьцгаана.

Хожим Яшка маань Маяковскийн шүлгээс иш татан, манай “Яст мэлхий”- ний байрнаасаа хөдлөсөн чих дүлийрэм чимээ нь комиссын гишүүдэд тийрэлтэт хөдөлгүүр хогийн шүүр ялгааг харуулах шиг л боллоо гэж билээ.

Харин би нүдээ нээгээд харсан чинь манай “Яст мэлхий” ёстой л яст мэлхийний хурдаар урагшилж байлаа. Гурваас дөрвөн хором тутамд болох тэсрэлт болгонын тоогоор би нүдээ тэсэхгүй аньж байв. Би “Яст мэлхий”- ний их бие нумран байхыг мэдэрч, шатаалтын хөндий тэр чигээрээ тун удахгүй салах бий гэж хүлээж байлаа. Чих дүлийрэм, их бууных шиг тэсрэлтүүд – энэ бол ялалт: хөдөлгүүр ажиллаж байна, бүр яаж ажиллаж байна гээч. Гэхдээ л “Яст мэлхий” тэсрэлт болгонд л доргиж, чичигнэсээр явган хүнийхээс ихгүй хурдаар урагшилж байлаа. Энэ бол тун базаахгүй гутамшиг байв... Намайг эрс тэс мэдрэмжүүд эзэмдэж, бодох гэсэн авч бодол санаагаа цэгцэлж чадахгүй байв: нурууны чинь ардхантай бөөн пижигнээн болж байхад бодох гээд оролдоод үз дээ.

Би овоо цэгцтэй бодож эхлэхэд “Яст мэлхий” маань хэдийнээ цөөрмийн тэг дунд хөвж байлаа. Би даралт хэмжүүрийн зүүгээ гүйлгэж хараад, “4” гэсэн тооны ойролцоо чичирч байхаар нь бодлоо: нэгэнтээ л “Яст мэлхий” маань салаад уначихаагүй байгаагаас хойш эвдрэхгүй л юм байна! – бас хөдөлгүүр ч тэсч дажгүй, тэгэхээр ацетилены даралтаа долоо юм уу найман атмосфер хүртэл нэмэх хэрэгтэй.

Би асаалтаа салгаад, асаах хаалтуудыг хаалаа. Нам гүм боллоо, итгэмээргүй нам гүм, би л лав ийм чимээгүй байхыг огт сонсоогүй. Түлшний саван дахь карбид шуугиж дуугарсан үгүйг мэдэхгүй ч, зүү баруун тийш хөдлөсөөр, даралт өссөөр, харин би жолоогоо залаад л. “Яст мэлхий” аажмаар тойрч эргэлээ.

Тэгтэл ч гамшиг боллоо.

Аймшигтай чанга – яг л хажууд нэг юмыг цуу татах адил дуу гарахад бүхээгт карбидны идэмхий үнэр ханх тавин дүүрлээ. Түлшний савнуудаас зүүн талын эхнийн нь гагнаасаараа тас явж, ган хана нь сарампай бүрээсийг сахлын хутгаар зүсэх адил огтолжээ. Завь ус орж эхэллээ. Би зүүгээ харвал, тэр нь “7” гэсэн тооны ойролцоо чичрэнэ: хөдөлгүүрээ одоо л асаах цаг сан ж... Даанч “Яст мэлхий” минь хажуугаараа хазайж, бүхээгт амьсгалах ч аргагүй болов. Би тунгалаг нээлхийгээ нээгээд, хашлаганы цаад руу үсэрлээ...

Яадаг ч гэсэн “Яст мэлхий” маань дажгүй хөлөг байжээ: аажмаар, аятайхан живлээ. Би түүнийгээ нэг тойрч сэллээ. Дараагаар нь эрэг рүү чиглэв. Тийшээгээ сэлэх ямар их дургүй хүрч байв аа, гэвч өөрөөр яах ч билээ...

Дараагийн хагас цагт юу болж өнгөрснийг тоочиж бичихэд ч бэрх. Комиссын догдолсон гишүүд намайг тал талаас чнгааж, хөл гарыг минь тоолж үзэж, юм шалгаахад нь би юу ч дуулахгүй, маанаг юм шиг хариулж байлаа. Сергей Андреевич бас Николай Борисович хоёрыг буруутгасан зэмлэл аадар адилаар бөмбөгдлөө. “Яст мэлхий” минь дэлхийн дээд амжилтыг тогтоогоогүй нь комиссын гишүүдийг бухимдуулаагүй юм байж. Тэд эхний тэсрэлтээс хойш юу болсныг ер нь ажиглаагүй бололтой. Дарга эмэгтэй бухимдангуйгаар давтах нь: “ Ийм дарьтай боошигон дээр нялх хүүхэд суулгана гэж ямар амьтны толгойд оров оо” гэнэ.

Яшка зугатааж амжсан учир, Сергей Андреевич бас Колб бид хэдийг автобусанд суулгаад хот руу явлаа даа. Цагийн дараа гэхэд л бид хэд Хүүхдийн ордны захиралд ам өчигөө тавьж суулаа. Яг үнэндээ бол бид бүгдийн өмнөөс Сергей Андреевич л тайлбарласан юм. Хэдийгээр би бүр автобусан дотор явахын л, Галилейгийн алдар цуутай ишлэлийг нь яльгүй өөрчлөн, “Яадаг ч байсан тэр чинь хөдөлсөн л юм даа” гэдэг үгийг хэлэх гээд бэлдээд байсан ч намайг ганц үг дуугаргасангүй.

Тайлбар өчгүүд дуугаа өндөрсгөсөн байдлаар явагдлаа. Захирал жүжгийн дугуйланд багшилдгийг хэлэх үү, дуу нь итгүүлэх эрч хүчтэй байв. Харин Сергей Андреевич маань хэрэгтэй бол хар шуургыг ч давж хашгирч чадах хүн дээ. Бид хэд гудманд суугаад, шийдвэр яаж гарахыг хүлээн байв. Тэгтэл дээд удирдлагаас гарсан шийд нь намайг санаандгүй бас шийдэгдэшгүйгээрээ гайхуулж орхилоо. Шийд нь хоёрхон заалттай байв:

1. “Яст мэлхий” – ний зохион бүтээгчид, химийн дугуйлангийн сурагчид болон багшийг жуулчлах эрхийн бичгээр шагнасугай.

2. Эхний заалтад нэр дурдагдсан хүмүүсийг жуулчлах эрхийн бичгийн дагуу аялалд явуулсугай.

Хожим хойно л би энэ шийдвэр ямар мэргэн бөгөөд цэгцтэй байсныг ойлгож билээ. Биднийг шагнасан тул бид гомдох зүйл байх ёсгүй. Биднийг аялалд явуулсан тул цаашдын туршилт хаагдаж, комиссын гишүүдэд гомдох зүйл бас байхгүй. Тэгээд дээр нь захирал дээр бүтэн хоёр ч долоо хоног дарагдан байсан асуудал шийдэгдсэн нь: Кавказын нурууг даган явганаар аялах эрхийн бичиг шатах дээр тулаад, энэ эрхийн бичгээс найрал дуу энэ тэр гээд бүх дугуйлангийнхан татгалзаад байсан ажээ. Эрхийн бичиг болон тийзийг тэр дор нь бидэнд гардууллаа. Бид тэрнийг нь хараад дуу алдацгаасан нь – галт тэрэг маргааш өглөө эрт хөдлөх ёстой байв. Гэр рүүгээ бушуухан гүйж, ээж аавдаа хэлээд авч явах юмаа бэлдэх хэрэгтэй боллоо...

* * *

Чухам юу болоод өнгөрсөн тухай ярилцах цаг аяллын үеэр бидэнд бишгүй дээ олдлоо. Эхлээд бид “Яст мэлхий” –гээ яаж өргөж гаргах тухай л ярилцдаг байлаа. Харин сүүлдээ л бид цоо шинэ хөдөлгүүр хэрэгтэй гэдгийг ойлголоо. “Яст мэлхий” –ний шаталтын хөндийд орж байгаа түлш нь хийн байдалтай ордог, хий хэтэрхий хөнгөн учраас их эзлэхүүн эзлэнэ. Иймээс л шаталтын хөндийд тухай бүр маш бага хэмжээний түлш орно. Бид түлшээ шингэн байдалтайгаар өгөхийг бодсонгүй – энэ нь бидний хамгийн том алдаа байв.

Бид орой болгон л түүдэг галын дэргэд сууцгаагаад шингэн түлшээр ажиллах тийрэлтэт хөдөлгүүр ямархуухан болох талаар маргацгаана. Ямар түлш хамгийн сайн нь болох, ямар шингэнийг агаарын оронд исэлдүүлэгч болгох гээд л.

Шингэн түлшээр ажиллах тийрэлтэт хөдөлгүүрийг би хоёр жил угсарлаа. Шаталтын хөндий нь маш жижигхэн, гэрийн данхнаас ч жижиг: хөдөлгүүр нь бүтнээрээ цонхны тавцан дээр багтсан гээд бод доо. Би хөдөлгүүрээ гэртээ угсарсан бөгөөд заримдаа Яшка надад туслана. Хөдөлгүүрээ би асааж туршиж зүрхэлсэнгүй, хамгийн сайндаа л гэхэд хэдхэн хором тэснэ гэдгийг нь сайн ойлгож байлаа.

Исэлдүүлэгч болгон авсан устөрөгчийн исэлтэй холбоотой олон саад гарав. Эмийн санд худалдаалдаг гурван хувийн уусмал перекис нь хөдөлгүүрт таарахгүй байлаа. Дина үсчний газраас пергидроль гэж нэрлэгддэг 30 хувийн уусмал перкис олж ирсэн ч бас л багадаж байв. Энүүхэндээ гэхэд пергидроль нь усан доор амьсгалах багажинд тохирох эд байлаа. Энэ нь хялбархан задрахдаа хүчилтөгчийг ялгаруулдаг юм. Би перекисээр ажилладаг усан доор хэрэглэх амьсгалын төхөөрөмж зохион бүтээлээ. Би энэхүү төхөөрөмжиндөө онцгой ач холбогдол өгөөгүй ч хожим чухам энэ төхөөрөмжөөрөө анхныхаа зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан юм даа. Энэ үед би аравдугаар ангидаа сурч байлаа...

Дөчин гурван оны хоёрдугаар сард би цэрэгт явлаа. Явахаасаа хоёр хоногийн өмнө би хэсэгхээн хүчтэй перекис олоод шингэн түлшний тийрэлтэт хөдөлгүүр яаж шуухан ажилладгийг Динад харуулах санаа төрлөө. Орой нь агаарын түгшүүр зарлаад, хөршүүд маань бүгд бөмбөгнөөс хоргодох байранд орцгоосон хойгуур нь хоосорсон хонгил руу Динатай хоёул төхөөрөмжөө орууллаа. Хөдөлгүүр том гэгчийн цул төмөр сууринд бэхлээтэй байлаа. “Яст мэлхий” – ний бүхээг миний санаанд орсон ч энэ удаад даралт хэмжүүр, дайралтын өнцөг заагч гэх мэт ганц ч багаж байхгүй байв. Асаалтын хаалтыг би холоос шилээврээр түншлээ. Шаталтын хөндийд орсон устөрөгчийн исэл спиртийг өөрөө авалцуулна. Нийтийн байрны хөгц ханхалсан хонгилд ирээдүйг дуудсан тийрэлтэт хөдөлгүүрийн эрчтэй, шуугисан чанга дуу гарлаа. Хоёр гурван хормын төдийд л шаталтын хөндий улайстлаа халлаа. Шуугих дуу дорхноо намдаж, төхөөрөмжийн дээгүүр хөх дөл сүүмэлзэн, спирт шатаж эхэллээ. Бид галыг арай л гэж унтраахад төхөөрөмжөөс минь шатаж түлэгдсэн төмрийн хэсэг л үлджээ...

Гэсэн хэдий ч энэ төхөөрөмж минь ажилласан юм! Нээрээ энэ л хамгийн чухал байсан байх. Бид тасралтгүй эрж, хайж, нэгийг олж, нэгийг гаргаж авсан ч ингэж хэлж чадах боллоо: яадаг ч байсан эргэлдэж байна, харцгаа, яадаг ч байсан эргэлдэж байна, хөдөлж байна, ажиллаж байна!..

Төгсөв.

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
aagii98 (зочин)

sain baina uu?
bi tanii blogiig unshij suuna.
tanii blog bichih bolson shaltgaan, uzel bodliig mash ih demjij bn.bi tanii blogiig sain unshij tanii helehiig hussen zuiliig oilgohiig temuulnee.
harin byatshan sanaa helehed erhem naizaa, bas mongolchuudaa ug usgiin aldaagui bichitsgeey l de.

Batuug

Aldaagyi bichihiig hicheej bnaa, olson aldaagaa nadad medegdvel bayarlana shy.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)