Шинийг сэдэх бодлогын онол : Дайралтын өнцөг 4-р хэсэг

Дайралтын өнцөг 4-р хэсэг

new

© Альтшуллер Г.С., 1993

Дайралтын өнцөг

(өгүүллэг)

4-р хэсэг.

За ингээд бид “Яст мэлхий”- гээ цөөрөмд авчирч, ачааны тэргэнээс буулган усанд тавилаа. “Яст мэлхий” маань живсэнгүй гээч. “Сонирхолтой физик” бас “Сонирхолтой механик”” ийг судлан байж хийсэн хөлөгийн хувьд живэхгүй байна гэдэг нь их том хэрэг шүү. Усанд хөвж байгаа “Яст мэлхий” янзтай харагдаж байгааг бүгдээрээ, бидэнтэй хамт ирсэн хүүхдүүд бүр Сергей Андреевич бас Николай Борисович хүртэл зөвшөөрч байлаа. Анхны туршилтыг заавал хоёулаа хамт хийнэ гэдгийг аль эрт тохирсон байлаа, учир нь намайг ч, Яшкааг ч гомдоохгүйн тулд тэр л дээ. Гэхдээ бид хоёр бүхээгт арай чүү л багтаж байлаа. Би бүр Яшкагийн өвдөг дээр суулаа. Николай Борисовичийн зөвшөөрлөөр авсан маш багахаан карбидаа түлшний савныхаа нэг рүү хийлээ. Тэр зуур Сергей Андреевичийн удирдлагаар хэсэг хүүхдүүд манай “Яст мэлхий”- г усны хажуухантайх модноос олсоор аргамжиж байлаа. Бидэнд өгсөн зааварчлага маш тодорхой байв: хөдөлгүүрээ асаана, ажиллаж эхлэнгүүт л шуудхан унтраана.

- Хурдлаарай, гэж Яшка яараад, цаадуул чинь холдчихлоо, бас чи өвдгөн дээр суугаад, би даахгүй нь байна гэлээ.

Би түлшний савны хаалтыг онгойлгоход карбид шуугиж эхэллээ. Бид хоёр багажны самбарт байгаа ажилладаг цор ганц багаж болох саван дахь ацетилены даралтыг заах манометрээ ширтлээ. Зүү нь аажим мөлхөх мэтээр “2” гэсэн тоо руу дөхлөө. Яшка миний доороос тонгочиж, асаах хаалт руу зүтгэсэн ч хүрсэнгүй. Би асаалтын системийн хөшүүргийг залгаадахлаа...

... гэтэл ямар ч юм болсонгүй.

Би хашлагын цаахни ус цалгих, түлшний саванд карбид шуугих бас асаалтын хэсэгт юу ч юм дуугарахыг сонслоо.

- Хэрэг ч мандах нь дээ... – гэж Яшка урамгүйхэн хэллээ.

Түүнийг өөр юм нэмж хэлэхийн завдалгүйгээр исгэрсэн чимээ гарч, улам чангарлаа. Ердөө хоёр гурван хормын төдийд исгэрэх чимээ тэсэхийн аргагүй болтол чангараад тэгснээ тэсрэх дуу дуулдлаа.

Би “Яст мэлхий” –нийхээ их биеийг доргихийг мэдэрч, нарийхан банзаар хийсэн хөндлөвчүүд, бас нимгэхээн сарампайгаар хийсэн бүрээсээ дотроо төсөөлж байлаа. Би энэ болгоныг жин хэмнэхийн үүднээс хадаас болгоныг тооцон байж хийснээ санахын хамт, юун дээр тогтож байгааг ойлгохын дээдээр ойлгож байлаа... Би асаалтын хөшүүргээс шүүрэн бушуухан унтраалаа.

Бид хоёул бүхээгнээс цувран гарцгаахдаа ч гэсэн туршилтыг амжилттай болсон үгүйг чухамдаа ойлгоогүй л байлаа. Гэвч эрэг дээр байсан хүүхдүүд онгирсондоо орилолдож хашгиралдахад л эргэлзээ маань алга боллоо. Бүгд л хөдөлгүүр яаж хүчтэй пан хийсэн, яндангаас яаж гал манасхийснийг ам уралдуулан ярьцгаана. “Маш их чанга дуутай байлаа... энэ ч сайн хэрэг шүү” гэж Сергей Андреевич хэллээ. Харин Колб багш маань саван дахь ацетилены даралт асаахаас өмнө болон асаасны дараа хэд зааж байсныг л асууна. Туршилт амжилттай боллоо гэдэг бодол бидэнд улам бүр итгэлтэй болж байв. Ганцхан ч гэлээ тэсрэлт гэдэг их зүйл шүү. Хэрвээ карбидаар түлшний саваа бүүр дүүргэх л юм бол, тэсрэлтүүд дараалан болж, тасралтгүй нижигнэсээр “Яст мэлхий” маань ч урагш дүүлэх болно...

Сергей Андреевич маань маргааш өглөө Хүүхдийн ордноос хүлээн авах комисс ирнэ, тэгээд хэрвээ бүх зүйл амжилттай болбол “Яст мэлхий”- г маань үзэсгэлэнд явуулна гэлээ. Яг одоохондоо майхан бариад өглөө болтол ээлжлэн манаанд гарна гэж нэмлээ. Тэгээд Сергей Андреевич хүүхдүүдийг дагуулаад яваад өглөө. Бид хэд: Колба, Яшка, Витька тэгээд би гээд дөрвүүл үлдлээ.

Бид Витькаг “Яст мэлхий”- нийхээ манаанд үлдээгээд өөрсдөө хоол идэхээр цайны газар руу явцгаалаа. Оройн хоолны дараагаар Колбыг майхандаа орж унтахаар хэвтэхэд нь бид Витькадаа авчирсан хуушуураа өгч хооллоод, дараа нь хэдүүл цэцэрлэгт хүрээлэнгээр хэслээ. Шүхрээр үсэрдэг цамхагийн тэнд хүмүүс дүүрэн байлаа. Бүжгийн талбайн тэндээс хөгжим хангинана. Бид хашааны гаднаас нь бүжиглэж байгаа хүмүүсийг жаал харлаа. Яшка хэлэх нь, барууны бүжгийг л сурах хэрэгтэй гэнэ. Би өөдөөс нь, ерөөсөө бүжиг чинь юунд хэрэгтэй юм, гэж эрс няцаалаа. Насанд хүрсэн томчуул тоостой талбай дээр өөд өөдөөсөө харан бөхөлзөж, нахилзах гэдэг шал инээдтэй зүйл. Тэгээд энэ шал дэмий юманд ямар их цаг дэмий үрэгдэж байгааг тооцвол бүр аймаар...

Бид илбэчид, жонглерчид тоглож байгаа эстрад тоглолт руу очсон нь илүү сонирхолтой байв. Дараа нь буцахдаа гэрэл муутайхан газраар явлаа. Тэгсэн хамгийн мухарт нь Испанийн газрын зурагтай самбар тааралдлаа. Хэдийгээр Испанийн дайн өнгөрсөн жил дууссан ч самбарыг авахаа мартсан бололтой. Самбарын будаг наранд гандаад, зарим хэсэгтээ бороонд норон алга болжээ. Гэхдээ л Мадрид бас Барселон руу чиглэсэн сумнуудыг ялгаж харж болохоор байв. Бид газрын зургийг харж удаан гэгч зогслоо. Хэрвээ энэ сумнууд ганцхан жилийн дараагаар манай Минск, Смоленск, Москва хотууд руу чиглэхийг бид мэдсэн сэн ч бол...

Өнчирч үлдсэн ганц гэрэл салхинд ганхахад газрын зураг дээгүүр сүүдэр гүйнэ.

- Удахгүй дайн болно гэцгээх юм гэж Яшка намуухан хэллээ. – Чи юу гэж бодож байна, намайг нүдний шилтэй гээд цэрэгт авахгүй гэх болов уу?

Харин би бодохдоо Яшкаг цэрэгт авахгүй л байх: тэр чинь нүдний шилт, дээр нь бас манай ээжийн хэлдгээр бол номын жаал юм чинь гэж бодож байлаа. Гэхдээ Яшкаг гомдоохыг хүсэхгүй байв.

- Чи цэргийн эмч болж болно ч дээ гэж би хариулаад, - Юу нь муу байгаа юм? Усан доогуур шумбадаг хөлөг онгоц болгонд л эмч байх ёстой ч гэлээ.

Өөрийнхөө тухайд бол би огтхон ч эргэлзсэнгүй: сургуулиа дүүргээд дараа нь тэнгисийн цэргийн сургуульд элсэнэ, тэгээд дараагаар нь усан доогуур шумбадаг хөлөгт очино. Чухам тэр орой би мэдээж бүх зүйл өөрөөр эргэнэ, дөчин гурван онд би нисэхийн сургуульд очиж таарна, харин Яшка маань их буучны сургуульд явна гэдгийг мэдэхгүй л байлаа. Бас номын дүртэй найз жаал маань танк эсэргүүцэх ангийн дарга болно гэдгийг ч мэдэхгүй байлаа. Яшка минь дөчин таван онд Венгерт Балатон нуурын дэргэдэх тулаанд үрэгдсэн дээ.

“Яст мэлхий”- рүүгээ бид орой болсон хойно эргэж ирлээ. Би Испанийн тухай бодсоор л байлаа: тэнд хувьсгал гарах л ёстой, заавал ч гүй гарна. Яг тэр үед нь маш том тийрэлтэт хөлөг хийх юм шүү...

Эргэж ирэхдээ бид Витька бас Николай Борисович ч гэсэн цөмөөрөө унтаад, харин “Яст мэлхий” маань эргийн ойролцоо тайван гэгч нь дайвалзан байхыг харлаа. Яшка маань ээлжээр жижүүрлэнэ, гэхдээ харин намайг бол унт, эмнэлгийн шинжлэх ухааны үүднээс энэ нь зөв гэнэ. Өглөө нь би “Яст мэлхий”- гээ жолоодох ёстой байлаа. Яшка сэлж чаддаггүй байсан учир Сергей Андреевич энэ тал дээр хатуу байр суурин дээр зогсож: сэлж чаддаггүй л юм бол эрэг дээр сууж үлд гэлээ.

Хаа ч юм алсад онгоц нисэх чимээ гарч тэнгэрт толидуурын хурц гэрэл гялбана. Бид оддыг чимээгүйхэн харж байлаа. Надад өөдгүй бодол төрөөд байв. Ийм бодол урьд нэг удаа төрснөөс хойш л яагаад ч салахгүй дагаад байлаа. Чухам яагаад Кемпбеллийн дээд амжилт тогтоосон хөлөг нь тийрэлтэт биш ердийн хөдөлгүүртэй байгаа юм бэ? Кемпбелл биднээс илүү тэнэг байх гэж үү? Ер нь: яагаад ийм чухал хөлөг “Яст мэлхий”- г чухам бид хийв ээ, томчууд биш?

Олоон жилийн хойно залууханаараа нас барсан аугаа их тоочин Эвариста Галуагийн намтрыг уншиж байхдаа би өөрийнхөө хуучин эргэлзээг санан, жинхэнэ суут нээлтүүд дандаа хүүхэд ахуйн мөрөөдөл, зүүд, хамгийн боломжгүй гэгдэх санаанаас эхтэй байдаг тухай бодож билээ. Дараа нь шүүмжлэлтэй, болгоомжтой, хянуур тооцоотой болно: гэнэт болохоо боливол яах билээ гэнэ? Магадгүй огт байж болшгүй ч юм уу? Ингэхэд чи бусдын олж хараагүйг хардаг ухаантан юм уу?.. Чиний дотор чинь сэтгэлийн мухарт чинь хүүхэд ахуйн зүүд, боломжгүй мөрөөдөл чинь хадгалагдсан бол сайн л даа. Нурмандаа байгаа гал адил дахин дахин дүрэлзэж, бүх амьдралыг чинь хурц дөлөөрөө гийгүүлнэ. Тэр үед чи бусдын чадаагүйг хийж бүгдэд гайхагдах болно.

Яшка хурдан унтлаа. Би “Яст мэлхий”- нийхээ тухай, маргааш өдрийн тухай, Дина цагаа ололгүйгээр бүр явсан тухай бодож хэвтлээ.

Өглөө нь хоёр автобусаар баахан хүмүүс ирсэн нь хүлээн авах комиссынхон бас зөндөө хүүхдүүд дагуулжээ. Сайхан өглөө болж, хүлээн авах комиссын гишүүд өглөөний тунгалаг нар, өвс ногоо, ургамал мод, цэцэрлэг цөөрөм, бас манай “Яст мэлхий”- ний хурц тод будаг энэ бүгдийг харан дуу алдан байлаа. Витька намайг хажуу тийш нь чангаан аваачаад баргар царайлан шивнэсэн нь:

- Сонсооч, Генка, та хэдийн хэрэг ч бишдэх нь дээ. Энэ комиссынхоноос хэн нь ч техникийн талаар Аа ч гүй юм байнаа. Тэнд хэн ирсэнийг хараач? Нэхмэлийн дугуйлангийн багш, бас бүжгийн, уран зохиолын, биологийн, найрал дууны тэгээд уран сайхны гимнастикийн багш охидуудаа дагуулаад ирж. Ганц ирсэн эрэгтэй нь зургийнх шүү. Тэдэнд ер нь бол тийрэлттэй пуужин уу, ердийн шүүр үү ялгах юм уу? Юу ч ойлгохгүй дээ, харж л байгаарай.

Би комиссын өмнө цоо шинэ өмсгөл хувцастай, бас нисгэгч нарын өмсдөг дуулга малгайтай (Сергей Андреевич загварынхнаас дэлсэж ирсэн) догь зогсоно. Гишүүд над руу ивээнгүйгээр харж, хэдэн ойр зуурын асуулт тавьсан нь: хэдэн настай, аль сургуульд сурдаг, ямар сурдаг гэхлэн. Дарга эмэгтэй дуу алдан: “Ямар хөөрхөн юм бэ дээ, үгүй ээ тэр хараач ээ...” гэх ажээ. Яшка маань түлшний саваа дөнгөж цэнэглэж дууссан болохоор карбид ханхлуулсаар ирэхэд нь Сергей Андреевич түүнийг комиссын гишүүдээс аль болох холтголоо.

Хүүхдүүд “Яст мэлхий” – г чирэн туршилт хийж болохуйц эрэг рүү аваачлаа. Колб шивнэх нь: “Даралтаа хоёр атмосферээс хэтрүүлээд үзээрэй, чи” гэнэ, Сергей Андреевич намайг хүмүүсээс холтгоод анхааруулсан нь: “Болгоомжтой л байгаарай даа... Даралтыг гурван атмосферээс ихгүй барина шүү”. Яшка өвдгөө хүртэл ус туулан, “Яст мэлхий”- гээ барин зогсоход нь би бүхээг рүү орлоо.

- Май энэ хөвөн, чихээ бөглө, гэж тэр хэллээ. – Нөгөө эргийг очоод мөргөчихөв дөө.

Тэр бүхээгний тунгалаг бүрхүүлийг хааж өгөөд, гарын таван хуруу сарвайлгаж харууллаа. Энэ нь ацетилений даралтыг таваас багагүй бариарай гэдгийг зааж байсан юм.

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)