Шинийг сэдэх бодлогын онол : Дайралтын өнцөг 3-р хэсэг

Дайралтын өнцөг 3-р хэсэг

New

© Альтшуллер Г.С., 1993

Дайралтын өнцөг

(өгүүллэг)

3-р хэсэг.

Их биеэ бид Хүүхдийн ордны хашаан дотор угсарлаа. Эхний үед хэн ч биднийг сонирхохгүй, бид ч ажлаа тайван хийж байлаа. Их бие маань аймаар болсон нь төсөөлөөгүй юм боллоо. Урд хэсэг нь яг л хурдтай онгоцны хошуу шиг, харин сүүл хэсэг нь усан онгоцныхтой төстэй өргөн.

Нэлээд удаан яриа тохироо хийсний хүчинд уран загварын дугуйлангийнхнаас нисэх загварын суудал, онгоцны хянах самбар олж авлаа. Мэдээжээр багажнууд нь ажиллагаагүй ч гэсэн харахад их гоё, сүртэй, шөнө бол бүр ч янзтай. Надад “Дайралтын өнцөг” гэсэн бичигтэй нэг багаж нь бүр гоё санагдаад байлаа. Дайралтын өнцөг гэж хэлэхэд ч сүртэй сонсогдоно!

Жолооныхонтой тохирох гэдэг илүү хэцүү юм аа, тэд уран загварынхнаас харамч юм даа. Тэгэхээр нь бид бараа солилцоо хийж, аккумляторын хүчлээр жолооны хүрд, будаг шингэлэгчээр гэрлийн бүрхүүл, асаалтын свеча, мотоциклийн урд хамгаалалт олж авлаа. Хамгаалалтаа матаад яг л онгоцныхтой адил бүхээгний дээд талыг нь хийсэн нь харагдах гэж янзтай.

Энэ бүхнээ шөнө хашаанд задгай үлдээх нь дэмий тул бид орой болгон их биеэ зургаан давхар руу чирж гаргана. Шат нь гантиг тэгээд нарийхан, огцом бас шатны талбайд уран баримал зураг байсан юм. Бид их биеэ л гэмтээхгүй гэж хичээсэн болохоос биш бусдыг нь тоосон ч гүй. Нэг нь захиралд хэлсэн бололтой, тэр бидэн дээр ирлээ дээ. Динагаас жүжгийн дугуйланг захирал давхар удирддаг гэж дуулсан байсан юм. Жинхэнээсээ аль хэр уурласан байсан юм мэдэхгүй, гаднаас нь харахад их л ууртай яг л кинон дээр гардаг Дошгин Иван хаан шиг байлаа. Захирал хурдан завийг маань хоёр ч удаа тойроод хөшчихлөө. Ер нь техникээсхол хөндий хүмүүс машины дэргэд номхордгийг би ажигласан юм. Хараажаар машин тэдэнд амьтан сургахыг санагдуулдаг бололтой: амьтан сургахад заавал амьтан сургагч нь л хамт байх ёстой, тэгэхгүй бол арслан л бол арслан яаж ч мэднэ шүү дээ...

Захирал дуугүй байж байснаа, хуруугаараа завины хошуун тал руу зааснаа:

- Энд! Гэж дуугарлаа. Тэгснээ толгойгоо сэгсрээд цаашаагаа алхаж сүүл хэсэгт очлоо.

- Үгүй, энд юм байна! Гээд, - Яг энд аврах цагираг заавал байх ёстой. Тэгээд тэр биднийг тойруулж харснаа

- Хоёр аврах цагираг байх ёстой гэж тодрууллаа.

Ингэж хэлчээд тэр яваад өглөө. Бид тайвширч санаа алдахдаа, удирдлагынхаа алсыг харааг олж дутуу үнэлсэн байсан юм. Дараа нь бас нэг асуудал босч ирсэн нь – завиа юу гэж нэрлэх вэ гэдэг байлаа. Товчхондоо бол Сергей Андреевич бодож олсон нэр байсан ч бид түүнд нь дасаж өгөхгүй л байв.

- "Хар аянга"... за байз... "Галт солир"... та нарын энэ чинь нэг л тиймэрхүү, бидний зохиосон байж болох нэрсийн жагсаалтыг уншаад хэлсэн үг нь энэ. – Хэрвээ хөлгөө "Аянга" гэвэл зуун зангилгаа хурд ч бага санагдана. Харин “Яст мэлхий” гэвэл арван зангилгаа хурд ч хачин их санагдана. Сэтгэлзүйг тооцоолох хэрэгтэй.

"Яст мэлхий"... Энэ нэр бидэнд огт таалагдсангүй, бусад хүүхдүүд биднийг ятгаж гарлаа. Витька ганцаараа л Сергей Анатольевичийг дэмжиж чимээгүй байлаа: дуугүй байвал нууц хадгалахад илүү дээр гэлээ.

- Та нар хошууч Пронины тухай уншсан уу? Гэж тэр асуугаад, - Нууцалсан нэр л байх ёстой, ингэхгүй бол болохгүй гэнэ.

Штирлиц одоо ямар алдартай байгаа шиг л тэр жилүүдэд хошууч Пронин тийм л алдартай байсан юм. Бид ч бууж өглөө: нууцалсан нэр байвал ч байг.

“Яст мэлхий”- гээ хурдтай давхиж байхад нь харахад амар гэж тод улаан өнгөөр будлаа. Яшка буратиногийн тухай зурагтай ном чирч ирээд, Тортил нэртэй яст мэлхийний зураг харуулна. Тэгээд бас уран зургийн дугуйлангийн хүүхэд гуйж өнөө мэлхийгээ завины хоёр талд нь зурууллаа. Их гоё зурсан ч, нэг л юм дутаад болж өгөхгүй байлаа. Нэгэн удаа бид яст мэлхийдээ далавч нэмье гэж бодлоо, дутаад байсан юм нь энэ л байж. Далавчаа өөрсдөө зурах болсон боловч, ингэсний дараагаар бүх юм байрандаа орж, “Яст мэлхий” янзтай харагддаг боллоо.

Одоо бол хашаа дотор сониуч хүмүүс цуглардаг ажил гарлаа. Нэгэн удаа нүдний шилтэй ичимтгий залуу ирээд “Яст мэлхий”- г удаан тойрч байснаа, тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичиж аваад, тэгснээ уучлал гуйгаад ичиж улайгаад, энэ шумбадаг завь чинь усанд тавьхан метр л шумбаж чадах юм байна шүү, илүү гүнд бяцарна гэдгийг мэдэгдлээ. Дахиад хоёр хоногийн дараа гал сөнөөгчдийн тос болсон хувцастай бараан царайтай хүн ирээд манай ажлыг харж байснаа асуусан нь:”Түймэр гарна, гал гарна, хаашаа харайх вэ? Шатаад ирэхээр ээждээ юу хэлэх вэ, аавдаа юу хэлэх вэ?...”

Нэлээд хэдэн удаа гэрэл зургийн дугуйлангийнхан удирдагчтайгаа ирлээ. Тэд өнгөтөөр зураг авч байсан чинь “Яст мэлхий”- ний тод өнгө таалагджээ. Биднийг гэрэл зурагт тохирохгүй царайтай гэж хэлээд, Динаг харин тохирч байна гээд хичээнгүйлэн дарцгаалаа.

Уран зохиолын дугуйлангаас залуу найрагч бас ирлээ. Бид нар түүнд түлшний сав хаана байгаа, хий яаж шаталтын хөндий рүү орж байгаа, ер нь тийрэлтэт хөдөлгүүр яаж ажиллдагийг заахын дээдээр заалаа. Харамсалтай нь найрагч бүгдийг нь будлиулчихаж. Тэрний бичсэн шүлгэнд яагаад ч юм түлшний сав галзуурсан юм шиг эргэлдэж, харин шаталтын хөндий нь далбаа руу үлээж, хөлөг маань мөсөн дундуур хойд туйл руу хурдлах юм...

Ерөнхийдөө энэ бүгд биднийг залхааж, оройдоо “Яст мэлхий” – гэ брезентээр бүтээдэг боллоо. Витька хэлэхдээ брезентээр хучаастай ТӨХӨӨРӨМЖ нь дайсны тагнуулчийн анхаарлыг бүр их татна гэлээ. Тэгээд нөгөөх чинь “Яст мэлхий”- ний хажуунаас салахаа ч болилоо.

Бид нар дархны газартаа хөдөлгүүрийн эд ангийг хийж эхэллээ. Цаасан дээр түлшний зургаан сав зурах ч яахав амархан л байлаа, харин төмрөөр ганц сав хийх ямар хүнд гэдгийг тун ч удалгүй ойлголоо. Түлшний савнууд шал муруй болсныг Николай Борисович хараад нурж байгаа Пизагийн цамхгийн сайхан загвар болж гэж үнэллээ... Дараа нь гагнах ажил эцэс төгсгөлгүй үргэлжиллээ. Гагнаасууд харахад дажгүй болсон санагдах авч, савнууд маань шүүрэн шанага шиг л асгарч байлаа. Шаталтын хөндий болгож онгоцны хөдөлгүүрийн бортогыг өөрчлөж ашиглаж дөнгөлөө. Гэхдээ л бортогоны тагандаа агаар оруулах хавхлаг хийх гэж сар илүү болсон доо...

Их бие маань хашааны мухарт хучаастай л хэвээрээ. Заримдаа би татлагыг нь тайлж, хучаасыг хуулж “Яст мэлхий” – нийхээ бүхээгт суудаг байлаа. Би санаандаа бүгдийг төсөөлөн харна: би хаалтаа онгойлголоо, ус сав руу орно, дараа нь хийн хаалтыг онгойлгоно, хйи шаталтын хөндий рүүр ороход, бариулыг татахад “Яст мэлхий” урагш цойлно... Харамсалтай нь манай гоё хянах самбар – хурд хэмжигч, дайралтын өнцөг заагч гүйцэд ажилладаггүй. Би дайралтын өнцөг гэж нислэгийн шугамнаас далавчны хазайлтын өнцгийг хэлдэг гэдгийг аль хэдийнээ мэддэг болсон байв. Энэ ДАЙРАЛТЫН ӨНЦӨГ – гэдэг үгэнд ямар нэгэн ид шидтэй зүйл байх шиг. Багаж шийдвэрлэх ухасхийлтэнд бэлтгэж хуримтлуулсан бүх хүчийг зааж байгаа юм шиг. Хэрвээ хүн өөрийнхөө дайралтын өнцгөө мэдэх боломжтой сон бол, тухайн өдөр, цаг, минут, агшинд хүчээ мэдрэх сэн!... Надад цаг яагаад ч хүрэлцэхээ болилоо: би чүү чамай идэж, чүү чамай унтаж, чүү чамай хичээлээ давтаж байлаа. Нэгэн удаа би өөртөө аль хэр нөөц байгааг тоцож үзлээ. Дахиад арван таван жил амьдрана гэж бодлоо (гучин наснаас хойш хөгширч эхлэнэ гэж бодоод би тооцолгүй орхисон юм). Бүтэн таван жил – амьдралын гуравны нэг нь, бодохоос ч аймаар! – унтахад зарцуулах ёстой байлаа. Хэрвээ өдөр бүр гурван цаг дэмий үрвэл, дахиад жил- бүтэн хагас жилийг алдах болно. Тэгвэл юм үлдэх нь үү?!

Тооцоо надад айхтар сэтгэгдэл төрүүллээ. Би цагийн урсгалыг мэдэрдэг боллоо. Яг л уулын түргэн урсгалт гол дотор зогсоод ус чамайг ширүүнээр угааж байх шиг: агшин өнгөрөхөд – ус аль хэдийнэ хол урсаж, гүйцэх тогтоох арга байхгүй болно.

Би ном уншихдаа зарцуулах хугацаагаа тооцохийн тулд цаг харлаа. Дараа нь тооцож үзлээ. Энгийн арифметик тооцоогоор бол, бүх амьдралынхаа турш мянган номоос илүү гарахааргүй байлаа. Гэтэл мянган ном гэдэг юухан байхав дээ? Жюль Верн гэхэд л зуу гаран ном байдаг.

Тэгэхээр нь би цагаа юунд үрж байгаагаа өглөөнөөс орой болтол минут болгоноор нь бичлээ дээ. Тэгсэн чинь маш их цагийг дэмий шахуу үрж байв: уул нь завгүй шахам өнжсөн юм шиг хэрнээ л ялгаагүй гурваас дөрвөн цагийг алдсан байдаг байв... Он жилүүд өнгөрөхөд би цагаа удирдаж сурсан ч энэ бол тусдаа түүх учраас тусад нь өгүүлэл бичих хэрэгтэй байх. Харин тэр үед бол надад төрсөн ганц санаа нь бага унтах явдал байлаа. Би багахан унтаж үзлээ. Гурван шөнөөс ердөө хоёрхон цагийг хэмнэж чадсан ч гэсэн дөрөвдэх шөнө нь нам унтснаар хэмнэсэн цаг маань алга боллоо... Удахгүй зун болох гэж байхад шийдэгдээгүй олон асуудлууд намайг зовоосоор л байлаа. Жишээлбэл, чи хотын наран шарлагын газар биеэ шарж хэвтэх хугацаагаа юунд хамааруулж үзэх вэ? Энэ чинь алдагдаж байгаа цаг мөн үү, биш үү? Гээд л...

Дайны өмнөх жилүүдэд Бакуд зун дөрвөн сарын арван тавдаас эхэлдэг сэн. Дөрвөн сарын арван таван хүртэл өвөл байж байгаад л шуудхан зун эхлэнэ. Тэгээд одоо ч гэсэн Баку ердөө хоёрхон улиралтай юм шигээ, их халуун болвол зун, их хүйтэн болвол өвөл. Гэхдээ л дайнаас өмнө жилийн улирал солигдох хугацаа нь маш тодорхой байж: дөрвөн сарын арван тавнаас нэгч өдөр хоцролгүйгээр гадаа цагаан өмдтэй харчуул, цагаан банзалтай хүүхнүүд харагдахад, зуны театр, кино нээгдэнэ.

Дөрвөн сарын арван таванд Яшка бид хоёр амралтаараа зугааллаа. Хоёул гудамжаар явахад сонин байлаа: явж болно, хаашаа ч яарахгүй, бүр зогсож ч болно. “Яст мэлхий”- нийхээ тухайд энэ өдөр дурсахгүй гэж тохиролцсон байлаа. Хотод зөөлөн суудалтай трамвайны вагон байдаг болжээ. Бид трамвайгаар явж үзлээ, мотоциклоор хийж үзүүлдэг “Эгц хананд явах үхлийн гогцоо” үзүүлбэр үзлээ, дараа нь шинэ гарсан “ЗИС” машиныг сонирхлоо. Урьд нь бол энэ бүхэн янзтай сонирхолтой байхаар боловч одоо бол бид трамвай, мотоцикл, машин энэ бүхэн нь өнгөрсөн гэдгийг бид мэднэ. Цагт хорихон километр хурдтай л юм зөөлөн суудалтай байгаад ч трамвай гэдэг юм юу байх вэ дээ... Бас “Үхлийн гогцоо” ч гэсэн тэгтлээ аймаар биш гэдгийг Перельманы “Сонирхолтой физик”- т тодорхой бичсэн байдаг даа.

Далайн эргийн ойролцоо далбаат завины уралдааныг харсан чинь анх удаагаа маш удаан, бүр тэсэхийн аргагүй удаан санагдаж билээ. Эдний дэргэд “Яст мэлхий” минь байсан ч болоосой, үзүүлээд өгөх сөн...

Дараа нь бид Довон дээрх хүрээлэнд очлоо. Тэнд гарч байсан нохойн захыг хараад Яшка маань тохироогоо зөрчин, анхны туршилтыг нохойтой явуулъя гэж зүтгэж эхэллээ: яагаад гэсэн чинь илүү аюул багатай гэхээс өөр юм дуугарсангүй. Үүнээс болоод бид арай л муудалцсангүй. Би бодохдоо, завийг заавал хүн турших ёстой, яагаад гэвэл ямар нэг юм болоход юу хийхээ төсөөлнө. Жаахан түрүүлээд хэлчхэд Яшка зүтгэсээр байгаад хоёр долоо хоногийн дараагаар Жульбарс гэсэн сүржин нэртэй нохойг яадаг ч байсан авчирсан юм даг. Тэр нь харахад өхөөрдмөөр, майга хөлтэй, сэгсийсэн амьтан байлаа. Яшка тэрнийгээ жолооны ард суулгахад өхөөрдмөөр байдал нь оргүй алга боллоо. Нохой багаж энэ тэрийг хараад, суудлын хажууд байх түлшгий савыг үнэртэж үзлээ. Нэг онцгүй юм болох гээд байгааг мэдчих шиг боллоо шүү. Жульбарс маань ганц огло харайгаад л завинаас гарч, хашааны мухар руу зугтаад, хонгилд орчихсныг нь дараа нь Яшка чихрээр хууран байж арай гэж гаргаж авч билээ.

Ингээд зун болоход бид нөгөө л “Яст мэлхий”- гээ тойрон эргэлдсээр л байлаа. Түлшний савыг байрлуулах гэхэд л хамгийн амархан санагдаж байлаа. Тэгээд саваа байрлуулсан чинь, харин завины хашлаганы цаанаас ус яагаад ч савны гуравны нэгээс илүү орохгүй гэдэг нь ойлгомжтой боллоо доо: сав нь тээр дээр байж байхад ус яаж ч өөрөө дээшлэхэв дээ. Жинхэнэ аймшиг: түлшний саваа шинээр- намхан тэгээд өргөн болгож хийх хэрэгтэй, гэтэл тэрийгээ багтаахын тулд их биеэ дахиад хийх болно...

Бидэнд Перельманы “Сонирхолтой физик” тусаллаа. Тэнд хурдан галт тэрэг усаа яаж явуут дундаа авдгийг бичсэн байдаг даа: рельс төмөрний дагууд шуудуу ухаад, ус хийнэ, галт тэрэгний зүтгүүрээс урагшаа муруйлгасан хоолойг буулгахад, хурдан явах тутам л ус улам дээш оргилно. Бид ч гэсэн энэ маягаар усны урсгалыг сөрсөн хоолойг хашлаганы цаана хийлээ. Ер нь Перельманы “Сонирхолтой физик” бидэнд их хэрэг болсон доо. Тэгээд нэг сайхан өдөр бүх юмаа суурилуулж, тогтоож, бэхэлж, будаж дууссан юм шиг л санагдаад ирлээ. Бид бүр өөр хийх юмгүй санагдаад зүгээр зогсож байлаа. Тэгтэл Сергей Андреевич манай “Яст мэлхий”- г харчихаад “ Яагаа ч гүй байна” гээд яндангаа будаж өнгө оруулах үүрэг өглөө. Яг хуучны пянз тоглуулагчийн бүрээ адил хагас метр урттай асар том яндан завины сүүл хэсэгт байрлаж байлаа. Хэдийгээр хөдөлгүүр ажиллаад эхлэхэд яндан улайсаад, шатах байсан хэдий ч бид яндангаа хар будгаар будлаа.

- Хөдөлгүүр ажиллах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна, гэхдээ л бүх юм гял цал байх ёстой, гэж Сергей Андреевич хэллээ. Маргааш туршилт явуулна. Цэцэрлэгт хүрээлэнд нэг нам гүм цөөрөм байдаг юм.

Дараа өдөр нь “Яст мэлхий”- гээ гурван тонны даацтай машинд ачаад, татлагаар сайн гэгч даруулаад цөөрөм рүү гарч өглөө. Хажуугаар өнгөрсөн хүмүүс зогсож, хачин гайхалтай машиныг маань эргэн эргэн харна. Бид ачаан дээр босч зогсоод хүмүссийн анхаарлыг татсандаа маадгар байлаа. Даанч Дина зуны амралтаараа эзгүй байгаад бидний ингэж явааг хараагүй нь яасан харамсалтай вэ.

Дина явахынхаа өмнөхөн надад Жюль Верний “Нууцат арал” гэдэг номыг бэлэглэсэн юм. Энэ нь сайхан зурагтай, хатуу гялгар хавтастай гоё хэвлэсэн ном байлаа. Урьд нь Дина энэ номоо түр ч гэсэн өгдөггүй байсан сан. Би түүнийг ацетон ч юм уу хэрэг болж байна уу гэж асуухад минь юу ч хэрэггүй гэлээ. Тэр орой бид далайн эргээр жаахан зугаалсан юм. Би “Яст мэлхий”- гээ л ярихыг завдсан боловч Дина нэг л санааширсан байдалтай сонсож байлаа. Ер нь тэр сүүлийн хэдэн сард их өөрчлөгджээ. Яшкагийн ярих нь түүнийг одоо А.С.Пушкины зохиолд ууссан гэнэ. Заримдаа надад тэр огт танихгүй хүн шиг л санагдана. Надаас хөгшин ч юм шиг. Эсвэл би арай хөгшин ч юм шиг, энүүхэндээ гэхэд тийрэлтэт хөдөлгүүрийн талаар бага сага гадарлана шүү. Бид гудамжны адагт хүрэхэд тэр намайг том гэгчийн цэцгийн мандлын голд байгаа сарнайн бутнаас таслаад аваад өгөөч гэлээ. Уул нь ийм бут гудамжаар энд тэндгүй л дүүрэн байсан юм. Гэсэн ч Дина заавал тэр цэцгийн мандлын дундаас тасдуулна гэж зөрүүдлэлээ. Цэцгийг би тасалж авсан ч гэлээ дараа нь манаачаас зугатаах хэрэг гарлаа. Үгүй юмаа, яадаг ч байсан би Динагаас ахмад юм байнаа...

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)