Шинийг сэдэх бодлогын онол : Дайралтын өнцөг 2-р хэсэг

Дайралтын өнцөг 2-р хэсэг

© Альтшуллер Г.С., 1993

Дайралтын өнцөг

(өгүүллэг)

2-р хэсэг.

Би улалзана гэдгээ ойлгож байлаа: хоёр загварыг нэгэн зэрэг хийнэ гэдэг боломжгүй хэрэг. Нэгэн удаа чиргүүл онгоцны загвар хийх гэж хамаг цагаа барж билээ. Гэтэл одоо энэ давсны хүчлийн үйлдвэрийн загвар гэдэг нь ч бас юу билээ дээ? Давсны хүчлийн үйлдвэрийн загвар гэдэг нь уул нь давсны хүчил гарган авахад зориулсан ердийн төхөөрөмж юм, яг л сургуулийн сурах бичигт байдаг шиг: хуруу шил, спиртэн дэн, хоолойнууд гээд. Ганцхан энэ бүгдээ үйлдвэрийг дуурайлгасан фанерэн хайрцаган дотор хийгээд л болоо. Гайхмаар юу ч байхгүй. Дээр нь нэмээд бүх дугуйлангийн урлан нь ганцхан болохоор би улалзах нь гарцаагүй.

Тэгтэл надад гайхмшигтай санаа орж ирлээ. Энэ санаа энгийн мөртөө гайхамшигтай байлаа. Бүр тодруулбал энгийнээс энгийн байлаа. Гэвч би дараа нь энэ бүхэн ямархуу төвөгтэй болж болохыг хумсын төдий ч сэжиглээгүй юм даа...

Санаа маань юу вэ гэвэл хоёр загвар хийхийн оронд ганцын хийхэд л байлаа. Химийн хөдөлгүүртэй усан завь. Усан завь гэдэг чинь далайн хөлгийн загвар болохоор Сергей Андреевич лав баярлана. Усан завины гол зүйл нь химийн хөдөлгүүр болохоор Колб багш ч гомдохгүй. Тэгээд ч миний хоёр дугуйланд зөвшөөрөлгүйгээр, нэгэн зэрэг хичээллэдэг минь албан ёсны зөвшөөрөлтэй, магадгүй бүр зайлшгүй ч болох болзошгүй юм.


Би Яшкаг хамтдаа ажиллая гэж дорхноо ятгаж чадлаа. Дараа нь бид Сергей Андреевич руу очлоо.

Химийн хөдөлгүүр гэдэг чинь юу билээ дээ? Гэж тэрээр асуулаа. Энэ асуултад ч би бэлэн байлаа. Эхлээд устөрөгч болон хүчилтөрөгчийг гаргаж авна, дараа нь хооронд нь холивол тэсэрдэг хий үүснэ. Цаашаагаа бүр амархан: тэсэрдэг хийгээ шаталтын хөндий рүү өгөхөд пан хийж завь маань урагш хөдлөнө. Дараа нь дахиад пан хийнэ. Гэх мэтчлэн ажиллана.

- Тийрэлттэй юм биз дээ, гэж Сергей Андреевич эргэлзэнгүйгээр хэллээ. – Юу ч бүтэхгүй дээ, гэхдээ яахав оролдооод л үз дээ, дадлага болог гэлээ.

Колб биднийг эргэлзэлгүйгээр сонслоо, няцаасан ч гүй. Тэр ганцхан биднийг устөрөгч болон хүчилтөрөгчөө яаж гаргаж авах гэж байгааг л асуулаа. Загвар дотроо гар чийдэнгийн зай хийгээд, усыг задлана даа гэж бид тайлбарлалаа.

- Гар чийдэнгийн зай гэнээ? – гэж давтаж асуугаад, тааз руу ширтлээ. Дараа нь Колб амандаа нэг юм шивнээд бувтналаа. – За яахав, дараа нь харагдана даа гэлээ.

Динад бид хийх гэж байгаа тийрэлтэт завиныхаа тухай бас хэллээ. Тэр химийн дугуйлангаас аль хэдийнээ гарч жүжгийнхэд орсон байлаа. Ер нь тэр их өөрчлөгдсөн л дөө. Яшкагийн ярьснаар бол тэр Александра Грины өгүүллээр амьсгалж байгаа гэсэн. Би хувьдаа бүх юм өндөр өсгийтөөс боллоо л гэж бодож байлаа. Хэрвээ өндөр өсгийт өмсөөд, гэзгээ толгой дээр овойлгоод самнах юм бол шууд л таван насаар хөгширнө ш дээ. Завсарлагаанаар Дина дээр аравдугаар ангийнхан ирдэг болсон ч физикийн юм уу математикийн бодлогоо хуулахадаа тэр биднийг хайхардаггүй юм.

- Хөвгүүд ээ, та нарын энэ завь чинь дэмий юм аа, тэрний оронд надад ацетон хийгээд өгөөч. Надад ерөөсөө олдохгүй юм.

Ацетон тэрүүнд хумсныхаа будгийг арилгахад нь хэрэгтэй байгаа юм. Тэр оройдоо Яшка гэрээсээ орос цуу авч, бид дээрээс нь цэрд нэмэхэд орос цуу хийжүүлсэн ундаа шиг л шуугиж, савны ёроолд нь цууны хүчлийн кальцийн саарал нунтаг тунаж үлдлээ. Нунтгаа шүүгээд, улайсганы дараа ацетон гарган авч байгаа юм даа. Маргааш өдөр нь бид “Улаан намуу цэцэг” үнэртэй усны том саваар дүүргэж ацетон өглөө. Хими ч аугаа эд юм аа...

Харин завь хийх ажил муу явж байлаа. Гурван долоо хоногт бид их биеийг харуулдаж, наян сантиметр урттай дажгүй их биеэ дээд өрөө рүүгээ аваачлаа. Гудманд байрласан том аквариумд бид туршилт явуулна гэж аль хэдийнээс шийдээд байсан юм. Усанд хийсэн их бие будаагүй байхдаа ч гэсэн тун дажгүй харагдаж байлаа. Гэвч зүгээр л үзэх зорилгоор гар чийдэнгийн зайгаа суурилуулж үзтэл их бие маань шууд л хазайж, дотор нь ус орж, манай загвар маань айчихсан загас шиг л ус руу шунган орчихлоо. Тэгэхэд л бид их бие маань аль хэр ачаа даах, гар чийдэнгийн зай маань хэр жинтэй болохыг тооцоолох ёстой байснаа төсөөлж эхэллээ. Бид аквариусаас их биеэ, гар чийдэнгийн зайтайгаа гарган аваад, загаснуудыг зовоохгүйн тулд хооллоод, тооцоо хийхээр сууцгаалаа. Тоонууд маань аймаар байлаа: гар чийдэнгийн зайны жин нь завины их биений даацаас дөч дахин хүнд байв. Энэ бол жинхэнэ аймшиг байлаа. Бид янз бүрээр тооцоолж, их биеэ хагас метр, бүр урт болгосон ч гар чийдэнгийн зайны бүтэн уул яах ч аргагүй байлаа. Хэрвээ зайнаас багаханыг авбал, бүтэн цагийн дотор цайны халбага усыг л задалж чадаж байлаа. Хөдөлгүүртээ тэсэрдэг хийг хаанаас олж авах билээ?!

Энэ хүртэл ямар сайхан амьдарч байгаа вэ! Чамд ямар нэгэн санаа төрлөө - чиний толгой буцалж эхлэнэ гэдгийг чи сайн мэдэж байдаг. Санаа ч надад олон байдаг болохоор толгой маань хэрэгтэй ёсоор нь буцалгана гэдэгт би итгэж байдаг. Гэтэл энд, бүр ийм гоё санаа хүртэл дангаараа юу ч биш болдог байна шүү. Хэрвээ тооцоо таарахгүй бол санаа савангийн хөөс адил замхарна. Намайг ингэж үйлээ үзэж байх хооронд Яшкагийн толгойд авралын санаа орж иржээ: хүчилтөрөгч болон устөрөгчийг цахилгаангүйгээр цэвэр химийн аргаар гарган авч болно. Үнэхээр ч, хүхрийн хүчил дээр цайр хийхэд л устөрөгч гаргаж авна, үүнээс хялбархан юм гэж юу байхав!

Урьд нь бол ийм арга намайг гайхуулах байв: өөрийн гараа хаа сайгүй шургуулсан хими мандтугай... Урьд нь амар байжээ: юу ч хамаагүй бодож олчоод баясаад л. Харин одоо бол бодож олсон ч эргэлзээд л, санаагаа нурах вий гэж айгаад л. Тооцох хэрэгтэй, гэтэл тооцоо маань ойролцоо болохоор баярлах эрт байдаг. Бүх юмаа босгоод, туршсан хойно л баярлаж болох байх.

Бид урвалжийн орц, шилэн савны жин, хоолой болон завь өөрөө ямар жинтэйг тооцож гарлаа. Хэрэгтэй гэснээс минь хоёр дахин их жин гараад болдоггүй дээ. Дөч дахин биш ч хоёрхон л доо, гэхдээ л ялгаагүй завь маань живэх болно...

Шөнөдөө би живж байгаа завь зүүдлэх боллоо. Дараа нь би хүчилтөрөгчийг гаргаж аваад байх шаардлагагүй, агаарт байгаа юм чинь гэдгийг бодож оллоо доо. Тэгэхээр зарим зүйлсийг хасаж болно, завь хөнгөрсөн болохоор живэхгүй. Зүй ёсоороо л болж байна.

Бид тооцоогоо Колб багшдаа үзүүллээ. Түргэн гүйлгэж хараад, хоёр жижиг алдааг маань засаад, бувтнасан нь:

- Та нар сэтгээд эхлэсэн юм чинь цааш нь сэтгээд л бай.

Энүүхэндээ гэхэд сэтгэх гэдэг чинь яршигтай эд юм аа. Яг л шатар тоглож байгаа юм шиг. Нүүлээ, эсрэг тал хариу нүүнэ – хүчээ нэмэх хэрэгтэй, тэгтэл эсрэг тал бодлоо өөрчилчихнө. Гэтэл эсрэг талаа хэн гэдгийг чи огт мэдэхгүй байна. Яшка хэлэхдээ, эсрэг тал гэдэг чинь бидний өөрсдийн тэнэглэл гэлээ. Хэрвээ энэ нь тэнэглэл л юм бол яаж ингэж ухаантайгаар эсэргүүцэж чадаж байнаа? Тийм шүү урьд нь ийм бодол огт орж ирдэггүй байсан юм.

Устөрөгчийг гарган авах хүхрийн хүчил болон цайрны нөөц нь завин дээр байх ёстой ч энэ нь бас л илүү ачаа, жин байлаа. Хамгийн ашигтай нь хийн гагнуурчдийн хэрэглэдэг кальцийн карбид л байлаа. Карбидны дээрээс ус хийчихвэл ацетилен – хий үүснэ. Энэ хий нь устөрөгчөөс огтхон ч дутахгүй гээч. Ёстой гоё юм болсон шүү: завин дээр зөвхөн карбид л байна, ус нөөцлөх ч хэрэггүй, хэдийг бол хэдийг хашлаганы цаанаас авч болно.

Бид дахиад л Колб багшдаа очиж тооцоогоо үзүүллээ. Тэр биднийг анхааралтай сонсоод, анх удаагаа харж байгаа юм шиг л гайхаж харлаа.

- Та нар сэтгэж байна, тэгэхээр та нар оршиж байна гэсэн үг, гэхдээ Декартын зөв бол шүү дээ гэж хэллээ. За энэ ширээ байна, ацетилен гаргаж авах төхөөрөмжөө угсараадах. Урвал жигд явагдахаар бодож, тохируулах хэрэгтэй.

Төхөөрөмжийг бид хоёр оройд багтааж угсарсан ч буцааж задлах шаардлага гарсан юм: карбид байхын аргагүй муухай үнэр гаргаж, анги гудманд амьсгалах боломжгүй боллоо. Бид төхөөрөмжөө татах шүүгээн доор дахин угсарлаа. Николай Борисович биднээс алхам ч холдолгүй байж, жижиг зүйлийг ч засуулж байлаа. Бүх юм ёсоороо л байх шиг: карбидны дээрээс ус орж, ацетилен ялгарч резин хоолойгоор шатаагуур хошуу руу очиж байв. Гэтэл шатаагуур яагаад ч жигд шатаж өгсөнгүй. Гал дөнгөж авалцаад, дараа нь гэнэт аварга дөл босч ирээд, тэгснээ дахиад л намдана. Энэ болгонд мянган шалтгаан нөлөөлнө: карбидны хэмжээ ямар байсан, тэрнийгээ яаж өрсөн, ус яаж орсон, шатаагуурын хошуу аль хэр онгорхой байсан гэх мэт...

Бусад хүүхдүүд химийн үйлдвэрийн загвараа аль хэдийнээ дуусгаж, далайчны дугуйланд бараг бэлэн болсон “Киров” хөлөг байж байхад бид карбидаа зөөж гүйсээр л. Би одоо Макс Вальегийн бичсэн “Сансар огторгуйд дүүлэх нь” гэдэг номыг уншиж байгаа ч, тэрээр тийрэлтэт машин туршиж байгаад нас барсны улмаас эхний дотор нүүрэн дээр байх гашуудлын зургийг нь үзүүлэхгүйн тулд гэртээ номоо ээжээсээ нуухад хүрлээ. Колб багш надад тийрэлтэт техникийн хэдэн ном олж өглөө. Тэдний нэгэнд нь ойрын ирээдүйд тийрэлтийн зарчим социалист техникт өргөн хэрэглээг олно гэж бичсэн байлаа. Зохиогчийн нэрийг одоо ч мартаагүй: инженер-нисгэгч С.П. Королев...

Би өвлийн амралт яаж өнгөрснийг ч анзаарсангүй. Өдөр болгон өглөөнөөс орой болтол карбидаа зөөсөөр л. Түлшний саваа, хоолойгоо, хаалтаа сольлоо, карбидаа нунтаглаж үзлээ, эсрэгээр нь карбидаа шахаж шоо болгож үзлээ. Колб биднийг ажиглаад л, заримдаа төхөөрөмжөө дахин угсарахад туслахаас биш юу ч хэлдэггүй байлаа. “Алдаанаас сурч авдаг гэж нэг удаа хэлснээ – Хэрвээ өөрийн чинь алдаа байвал шүү гэж нэмлээ”.

Нэгэн удаа бидэн дээр Дина ирлээ. Цасан охины хувцас өмсчихсөн, гайхуулах санаатай ирсэн байх аа. Тэр юунд ч юм эгдүүцэн амьсгалж, найтаалгаад, амралт дуусахад дахиад ацетон хэрэгтэй болно гэдгээ хэллээ. Тэр өдөр Яшка шинэ халаатаа цоо түлчихсэн байсан учир Динад жаахан тиймэрхүү өнгөөр, одоо бидэнд элдэв юмаар оролдож байх илүүдээ гарсан зав байхгүй гэж хэллээ.

- Юу гэж бодож байна даа, сэтгэгчидээ! Гэж Дина бухимдан, - Та нарын энэ завь чинь хэнд хэрэгтэй юм бэ?

Байж болох л асуулт! Манай загвар усанд тогтоосон хурдны бүх дээд амжилтыг эвдэнэ, энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт, бидний энэ зарчмаар том усан онгоцыг босгоод, Бакугаас Астрахан хүртэл цагийн дотор, Красноводск хүртэл бол хориодхон минутад л хүрнэ дээ.

- Надад танай тэр Красноводск чинь их хэрэг болох байх даа, гэж олон юм бодолгүйгээр Дина хэлчихээд, хамраа шантайлгаж ихэмсэглэлээ. Дажгүй санагдсан шүү, жүжгийн дугуйланд явдаг нь хоосонгүй юм аа.

Түүнд бид ацетон хийж өгөхдөө энэ удаад би гэрийнхээ орос цууг дэлслээ. Төхөөрөмж маань л ааш гаргасан хэвээрээ, юу ч бүтэж өгөхгүй л байв. Жолооч нар дугуйныхаа даралтыг хэмждэг шиг хэмжүүр машины дугуйлангийхнаас оллоо. Энэ даралт хэмжүүрээ өөрчилж, хөшүүрэг пүрш зоогоод ацетилены даралтаас хамаарч хаалтыг автоматаар эргүүлдэг болголоо. Санаа нь их энгийн. Саван дахи даралт буурахад ацетилен гарч байгаа хоолойн хаалт хаагдана, тэгээд өөр нэг хаалт сав руу ус оруулна. Даралт ихсэхэд – пүршнүүд хаалтыг урьдын байрлалд нь буцаана. Жинхэнэдээ бол хаалт нь яагаад ч болж өгөхгүй зөрүүдлээд, даралт хэмжигчийн хүч нь арай багадаад байх шиг байлаа. Сергей Андреевич бид нарт усан онгоцны уурын тогооны өөр том даралт хэмжигч олж өглөө.

- Мэдээж, юу ч бүтэхгүй дээ, гэхдээ туршаад л үз дээ. Дадлага болох биз гэж тэр хэллээ.

Энэ даралт хэмжүүрийн хүч ихдэнэ үү гэхээс багадаагүй байхаа, яагаа ч гүй байхад л тэгтлээ дуртай байгаа юм аятай хаалтуудыг эргүүлж өгнө. Нөгөө хаалт хөшүүргээ байнга л тохируулж байх хэрэг гарлаа. Бид тооцож үзэхэд загварынхаа уртыг метр хагас болгохгүй юм бол яагаад ч багтахааргүй байлаа. Яшка ер нь агаарын даралтаас болоод байх шиг байнаа гэлээ. Бид агаарын даралт хэмжигч олж аваад, түүгээрээ өөрсдийхөө хэмжүүрийг тохируулахыг оролдлоо. Тохируулдаг зүйлүүд нь улам олон болоод л хамгийн багаар бодоход загвар маань хоёр метр урттай болохоор болж байнаа. Гэсэн ч даралт хэмжүүр ааш гаргасаар л. Бороо орохоос нэг хоёр өдрийн өмнө дотор нь нэг юм орчоод сэгсчээд байгаа юм шиг л муухай загнаж эхлэнэ дээ. Даралт хэмжигчээс гарсан пүрш хөшүүргүүд том даралт хэмжүүрийг хөдөлгөж, тэр нь бас цаашаагаа хаалтыг хөдөлгөхдөө саван дотор карбид юу болж байгааг огт тоохгүй байлаа. Даралт хэмжүүрийг удирдаж байгаа даралт хэмжүүрээ зөв удирдахын тулд дахиад нэг төхөөрөмж л хэрэгтэй юм шиг...

Тэгтэл бидэнд ээлжит гайхалтай бодол төрлөө дөө: энэ бүх юмыг зүгээр л авч хаяад, оронд нь хаалтуудыг эргүүлэх нэг хүн л суулгачихъя. Завиныхаа уртыг дахиад л нэмж, гурав дөрвөн метр хүргэх хэрэгтэй болно гэдэг чинь ердөөсөө загвар биш жинхэнэ тийрэлтэт хурдан онгоц гэсэн үг. Тэгээд ямар сонирхолтой гээч!

Энэ саналаа бид эхлээд Сергей Андреевичид хэллээ дээ. Бид түүний амгалан занд итгэсэн юм л даа. Яадаг ч байсан бүхэл бүтэн хөлөг онгоц, дотроо тэгээд хүнтэй...

- Юу ч бүтэхгүй гэдгийг бид мэдэж байна л даа, гэж Яшка аядуухан хэлээд, - Гэхдээ оролдоод үзэхэд гэмгүй, тийм ээ? Дадлага болог, гэж нэмлээ.

Сергей Андреевич инээгээд:

- Дүү хүү сэргэлэн байна шүү. Яагаад юу ч бүтэхгүй гэж? Их бие бол яах ч гүй. Харин хөдөлгүүр л... За яахав бүтэхгүй бол дарвуул тавина л биз. Оролдоод л үз дээ! Дадлага болог.

Николай Борисович л харин хэцүү байлаа. Тэр хэдий хэр карбид орох, энэ карбидаас хэдий хэр ацетилен ялгарах зэргийг удаан тооцооллоо. Тэгээд бас энэ болгон нь дэлбэрвэл юу болохыг ч гэсэн. Бид эхлээд бүгдийг нь биш, бага зэргийн карбид авна, тугшилтаа аажмаар болгоомжтой явуулна, ер нь тэгээд тийрэлтэт хөдөлгүүр шиг гэм хоргүй зүйл орчлон хорвоо дээр байхгүй гэж үнэмшүүллээ дээ. Эцсийн эцэст Колб бууж өгсөн ч үүнээс хойш бидний алхам бүрийг харж байдаг боллоо.

Бид зургаа эцсийн байдлаар хийлээ. Гөлгөр, дөрвөн метр урттай их бие. Жолоочийн суудлын дэргэд нь гурав гурваараа байрласан карбидны зургаан сав. Түлшний савнаас дотогшоо хоолой орно. Хаалтыг онгойлгоход ус дотогш орж, урвал эхлэнэ. Бүх савнаас жолоочийн суудлын ард байрласан бас нэг саванд хий цуглаж, хаалтыг онгойлгоход, хий шаталтын хөндий рүү орно. Асаалтын түлхүүрийг түлхэхэд, хий агаартай холилдон тэсэрч, хурдан завь урагш хөдлөнө, дараагаар нь дахиад нэг тэсрэлт гэх мэтээр... Цаашаагаа бол бүх юм ойлгомжтой: алдартай уралдаанч Кемпбеллийн тогтоосон хурдны дээд амжилтыг заавал ч гүй бут цохино! Бүх юм болдгоороо болно!

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)