Шинийг сэдэх бодлогын онол : Дайралтын өнцөг 1-р хэсэг

Дайралтын өнцөг 1-р хэсэг

© Альтшуллер Г.С., 1993

Дайралтын өнцөг

(өгүүллэг)

1-р хэсэг.

Би “өгүүллэг” гэж үг бичээд бодлоо: хэрвээ энэ бүхэн үнэхээр болсон явдал юм чинь юуных нь өгүүллэг байхэв дээ гээд юу болсныг дурсан саналаа... Энүүхэндээ гэхэд ой санамж – гэдэг гайхалтай эд юм аа. Эхлээд яг л гэрэл зураг шиг – зураг дээрх бүхэн яг таг, тодхон, яг байснаараа. Гэвч он жилүүд өнгөрсөөр, ой санамж маань зураач болон хувирч, өөрийн гэсэн араншингаараа: зарим нэгийг нь арилгаж, зарим нэгийг нь нэмж, тэгснээ чухал биш зүйлийг тодоор будаж, гол дүр болгож, нүүр царайг нь, хувцсыг нь, цаг агаарыг нь, үг яриаг нь сольж, ер нь өөрийн дураар дахин зурж байнаа.

Энэ түүхийг одоо бодох болгондоо би яагаад ч юм “Яст мэлхий” - г туршихийн өмнөх шөнийг хамгаас түрүүнд дурсдаг юм. Оройноос эхлэн Бакугийн зуны нөөлөг ширүүсч, салхи үлээж, “Яст мэлхий” биднээс хоёр метрийн зайд намуухан дайвалзана.

- Гомдоно шүү, гэж Яшка хэллээ, - хэрвээ чи маргааш нөгөө эргийг очоод мөргөчихвөл маш их гомдоно шүү.

“Яст мэлхий” бол дэвэн дэлхийд хамгийн анхны тийрэлтэт хөлөг онгоц гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх л даа. Манай үед бол ч энэ нь зүгээр ердийн сонсогдоно: тийрэлтэт хөлөг онгоцоор хэнийг ч гайхуулж чадахгүй нь лавтай. Гэвч би 1940 оны долоон сарын тухай ярьж байгаа болохоор, тухайн үед “тийрэлтэт” гэдэг үг нь яг одоогийн “цаг хугацааны машин” гэсэн үг шиг л зөгнөлт сонсогдож байлаа. Өөрийгөө орчлонд анхны өнгөрсөн ирээдүйн цаг хугацаагаар аялах машины хажууд байж байна гээд төсөөл дөө, тэгээд бүр өөрсдөө хийж босгосон шүү, харин тэгсэн найз чинь “Маргааш анхны туршилттай, гэхдээ чи чулуун зэвсгийн үе рүү оччих воо...” гээд сануулж байна.

Нөгөө эрэг хүртэл хоёр зуун метр л болох байх, лав илүүгүй. “Яст мэлхий” байрнаасаа хөдлөнгүүт л бетонон хана мөргөхгүйн тулд хөдөлгүүрээ бушуухан унтраах хэрэгтэй болно. “Яст мэлхий” – гээ энд, дүүргийн цэцэрлэгийн жижигхэн цөөрөмд биш далайд л турших байсан юм. Гэвч энэ бол биднээс хамаарах зүйл биш л дээ.

Тийм ээ, 1940 оны долоон сар байлаа. Өглөө нь комисс ирэх ёстой байлаа, харин бид усны хажууд “Яст мэлхий” – гээ харсан шиг сууцгааж байлаа. Бид түүнийгээ бүтэн жилжингээ босгосон юм, тэгээд энэ нь арван тавтай байхад – бүтэн жил гэдэг нь бараг чиний амьдралын тал нь юм шиг.

Ерөөсөө бүгдийг дэс дарааллаар нь ярисан нь дээр юмаа. “Яст мэлхий” – г босгохын урьд нь үйл явдлын бүтэн гинж байлаа. Ерөнхийдөө бол онцгой содон ямар ч үйл явдал анхандаа болоогүй юм. Долдугаар анги хүртэл амьдрал гайхмаар энгийн байж, цаашдаа ч тийм л энгийн, тодорхой байхаар төсөөлөгдөж байлаа: сургуулиа төгсөнө, тэнгисийн цэргийн дунд сургуульд элсэнэ. Харин одоохондоо бол би Хүүхдийн ордны далайчны дугуйланд хичээллэж, далайн тулаантай ном уншиж, далбаат завины клуб руу бас гүйж, энэ бүх бужигнасан зүйлдээ түүртэн муу авчихгүй байхыгаа бас дөнгөөд л байдагсан. Яшка бол онц сурдаг, тэрний хамаг юм нь бас ойлгомжтой: тэр яг л эцэг бас өвөө шигээ эмч болно. Бид нэг байранд сууж, нэг сургуульд сурч, нэг ширээнд цуг зэрэгцэж суудаг байлаа. Яшка бол байдаг л нэг “онц сурлагатан” байсан боловчиг эцсийн эцэст тэр маань далайн хөлөг онгоцны эмч болох байх гэж би горьддог байлаа. Нөхөрлөл маань нэг иймэрхүү хангалттай байлаа даа.

Үйл явдал долоодугаар ангид байхад минь, Дина манай ангид шилжиж ирснээр эхлэлээ дээ. Урьд нь тэр миний нэрийг нь одоо санахгүй байгаа жижиг хотод суудаг байсан юм. Яшка тэрнийг Андерсоны үлгэрийнх шиг гэдэг байсныг л яагаад ч юм би санасаар л. Энүүхэндээ гэхэд “Атланикийн далайд 1914-1918 онд хийсэн усан доогуурх дайн” гэсэн ном уншсан нь миний сэтгэлийг тэгтлээ татсангүй. Номонд зөндөө олон газрын зураг байсан болохоор би далайн гүний шумбагч-анчин онгоцны ажиллагааг мөрдөж байлаа. Дина бол өөрийнх нь байгааг тоохгүй байхыг тэсвэрлэдэггүй байв. Их завсарлагаанаар тэр над руу хүрч ирээд номыг минь сонирхлоо. Бид хэсэг ярилцлаа. Тэгсэн чинь, Дина сайн сэлж чаддаг, “Эрдэнэ нуусан арал” киног бүр дөрвөн удаа үзсэн, бас Ютландын тулааны тухай хүртэл дуулсан байдаг байгаа. Үүнээс хойш би Динаг тоодог болж, бүр хэтэрхий тоодог болсон ч Ютландын тулааны тухай миний Яшкад сарын өмнө ярисныг тэрүүнд Яшка ярисан болох нь удалгүй тодорсон юм...

Тэр үеэр Хүүхдийн ордонд шинэ – химийн дугуйлан эхлэх гэж байна гэцгээж байлаа. Энэ Хүүхдийн ордны тухай хэдэн үг хэлье гэж бодогдлоо. Тухайн үеийнхэндээ бол тэр нь хэт тэргүүний, хэт сайн байсан юм: нефть үйлдвэрлэгчдийн ордон байсан – нүсэр том барилга, бүх дугуйлан, урлангууд нь гайхалтай тоноглогдсон, кино, концерт, биеийн тамирын танхим, цэцэрлэг, хамгийн гол нь шагшмаар багш нартай байлаа. Далайчны дугуйланг жинхэнэ алсын аялалын, жинхэнэ усан онгоцны ахмад, бүх тэнгис далайг мэддэг Сергей Андреевич удирдаж байлаа. Манай хажуу ангид, загварын дугуйланг удирдагч нь Байлдааны гавъчаны одонтой нисэхийн дэслэгч хүн байсан сан. Түүнийг гудамжаар цээжээ ялимгүй ханхалзуулан алхахад нь бид одонг нь харан амьсгаа даран байдаг сан. Хүүхдийн ордонд бүртгүүлэх маш хэцүү, бүх дугуйлан нь дандаа дүүрэн байдаг болохоор шинэ дугуйлангийн тухай дуулангуутаа Дина шууд л очиж бүртгүүлье гэлээ. Энэ үед тэр ангийг шууд л удирдаж байсан юм. Орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёогоор бол тэр маань удирдагч - лидер юм даа. Химийг тэр ч бусад хүүхдүүд ч сонирхохгүй байсан хэдий ч Хүүхдийн ордоны үнэмлэхтэй болсноор тэнд орой болгон болдог кино, үдэшлэгт ороход ямарч саадгүй болно гэдгийг Дина үнэмшилтэй тайлбарлаж дөнгөлөө. Ингээд арван хүүхэд бүртгүүлэхээр явцгаалаа. Хэдийгээр хоёр дугуйланд зэрэг хичээллэвэл хөөж болох байсан ч би бас бүртгүүллээ.

Хичээл дээр бид Динатай хамт хамгийн арын эгнээнд сууж, элдэв дээдийн юм хаман ярьж, химийн туршилтуудыг огтхон ч тоодоггүй байлаа. Химийн дугуйлангийн анги нь далайчныхаас хоёр давхраар дээр байдаг байсан ч би болгоомжтой хэвээрээ л байсан юм. Яшка химийг үнэн сэтгэлээсээ эзэмшиж, хичээл тарсны дараа бид Динаг хоёул гэрт нь хүргэж өгдөг байлаа.

Нэгэн удаа Дина өвдөөд сургуульдаа ирсэнгүй. Орой нь химийн дугуйлангийн хичээлд ч суусангүй. Би харин хамгийн арын эгнээнд суудгаараа л тухлаж байлаа. Миний дэргэд Витька байж таарлаа. Тэр химийг сонирхдоггүй байсан ч гэртээ хөгжимөөр хичээллэхээс зугатааж дугуйланд ирдэг байж. Витька бол үргэвж л “тагнуултай” ном сугавчилж явдаг, энэ талаар тасархай мэддэг хүүхэд. Энэ удаа ч гэсэн тагнуултай номоо дуу алдан уншиж байлаа. Би түүнийг сонсоод тэсэлгүй ургаш соотолзож эхлэв. Химийн багш Николай Борисович нь энэ удаа будагны тухай зааж байлаа. Би тэр үед Николай Борисовичид их л шүүмжлэнгүй ханддаг байлаа, мэдээж тэр ч гэсэн манай усан онгоцны ахмад болон нисэхийн дэслэгчээс алд дэлэм өөр хүн байсан юм. Николай Борисович маань тогоочтой л илүү төсөөтэй: халзан толгойдоо цав цагаан млагай тавьсан, бас цагаан халаадтай. Бид түүнийг "Коля" ба "Боря" гэсэн үгнүүдийг товчлон холбож гаргасан Колб гэж нэрлэдэг болсон юм. Тэгээд тэр нэгэн орой Колб будагны тухай ярьж байлаа. Яагаад улаан будаг улаан өнгөтэй, хөх будаг хөх өнгөтэй байдаг тухай, мөн Хоёрдугаар Рамзес хааны үед ямар будаг хэрэглэж байсынг ч хүртэл ярьж байлаа. Бас Леонардо да Винчи будаг гаргаж авах гэж оролдож байсныг ярилаа. Будаг яагаад хуучирдаг тухай. Индиго будгыг яаж нийлэгжүүлж гаргадаг, усан будаг гуашь тушь гэж юу юм гээд л... Эдгээрийн тухай мэдэж авах нь надад хэрэг болох байлаа, учир нь далайчны ажил үйлсийн тал хувь нь шахуу л цэвэрлэгээ, будалт, угаалга байдаг шүү длээ. Бид сургалтын усан завь Детюнфлотилийгээ байнга л үрж, шавж, будаж, далбаат завины зогсоолын тавцанг жилдээ хоёр ч удаа будаж байдагсан.

Колба их сонин заадаг багш байсан юм. Тэр өөрөө өөртэйгөө л яриад байх шиг. Бидэн рүү огт харахгүй. Заримдаа тэр чимээгүй болох юм уу ойлгомжгүй юм бувтнана. Заримдаа өөртэйгөө маргана. Туршилтаа ч тэр өөрөө өөртөө үзүүлж, хэрвээ амжилттай болох юм бол хөрч баясана. Дараа нь яадаг ч байсан бидний тухай гэнэт санаж, хуруу шил урвалж бодис тарааж өгөөд, энэ бодисоос хүүхэд болгон тод гэгч будаг гарган авахыг тайлбарлаж гарлаа. Надад хромын давхар ислийн аммони гэгчийн улбар ягаан талст оногдлоо. Шатахадаа их гоё дөл цацруулан тэгснээ хромын ислийн ногоон өнгийг гаргаж авлаа. Би үүнээс цааш юу ч хийсэнгүй, учир нь манай ахмадын туслах хромын ислээр бэлтгэсэн өнгөлгөөний зуурмагаар суран бүсний арллаа таван минутын дотор л толь шиг гялалзуулсныг би харсан билээ.

Хими надад таалагдаж эхлэлээ. Би далайчин хими мэддэг байвал ашигтай гэдгийг мэдэрч эхлэлээ. Жишээлбэл, усан онгоц сүйрч, чи эзгүй арал дээр хаягдлаа гэж бодъё л доо. Хими бүх юманд тус болно, тэсрэх бодис хийсэн ч болно.

Хоёр долоо хоноод Динаг эргэж ирэхэд би түүнийг хайхарахаа болисон байлаа. Би Колбын яг дэргэд нь сууж үг болгоныг нь алдалгүй сонсдог болсон байв. Дина ч надтай дуугарахаа байж, оройд түүнийг Яшка хүргэж өгдөг боллоо. Гэхдээ энэ нь намайг химиэс салгасангүй ээ. Одоо би “Далайчны дадлагын үндсүүд” гэсэн номоос гадна Рюмины “Сонирхолтой хими” гэдэг номыг цүнхэндээ чирч явдаг боллоо.

Хими бол М.В. Ломоносовын хэлсэнчлэн хүн төрөлхтөний ажил хэрэг рүү өөрийн гараа лав шургуулсан байлаа. Түүний зөв гэдэгт би итгэсэн юм. Химийг гүн ойлгохын тулд физикийг мэддэг байх хэрэгтэй, физикийг мэдэхийн тулд математикийг мэддэг хэлтэлдэг байх хэрэгтэй боллоо. Би одооноос эхлэн хичээлээ удаан гэгч нь давтдаг болж, энэ нь гэрт жинхэнэ шуугиан дэгдээлээ, учир нь би бүх даалгавраа хагас цагт амжуулдаж байсан юм: заримдаа Яшкагийнх руу явах замдаа номоо уншиж амжуулдаг байсан сан. Миний цаг хүрэлцэхээ болиход сэргэг толгойгоор бодлогоо бодохоор хуучнаасаа цагийн эрт босдог болсон нь бүр ч дайрин дээр давс гэгч нь болж, ээжийг эцсийг нь хүртэл айлгасан учир намайг хотдоо нэртэй хүүхдийн эмч Клупт руу аваачлаа. Хөгшин Клупт удаан гэгч нь үзэж, тогшиж, хэлийг минь харж, чагналаа. Дараа нь тэр “Маш онцгой тохиолдол байна. Дараа дахиад ирж үзүүлээрэй. Дараа ...” гээд юм хэллээ. Ээж бүр цонхийчихсан “Хэзээ вэ?” гэж асууж байна. Клупт мөрөө тоомсоргүй хавчаад “За даа, дөчин жилийн дараа ч юм уу. Эсвэл тавин жилийн дараагаар” гэж билээ. Долоодугаар ангиа би бараг л дундгүй төгслөө. Зун химийн дугуйлан ажилладаггүй байсан болохоор би бүтэн өдөржингөө "Партизан" дээр байж, орой нь Партингтоны “Бүгдэд нь зориулсан хими” уншдаг байлаа.

Есдүгээр сар гарангуут, Колб хамгийн эхний хичээл дээр хүүхдийн уран бүтээлийн олимп болох тул бүгдээрээ, давсны хүчлийн ч юм уу хүхрийн хүчлийн ч юм уу үйлдвэрийн загварыг жинэхэнэ ажилладагаар хийж оролцоно шүү гэж зарлалаа. Маргааш өдөр нь Сергей Андреевич бас олимпиадын тухай зарлалаа: усан онгоцны хөвдөг загвар байх хэрэгтэй гэнэ.

Үргэлжлэл бий...

Орчуулсан Т.Батууг

2009 он.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)