Шинийг сэдэх бодлогын онол : Майкл Жексоны сарны алхаа ба харь гаригийн дохио

Майкл Жексоны сарны алхаа ба харь гаригийн дохио

Попийн хаан домогт дуучин Майкл Жексон зуурдаар нас нөгчлөө. Ингэхэд дуучинг маань алдаршуулсан зүйлийн нэг нь түүний бүжиглэх авъяас гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Бас түүний бүжиг, зохиосон хөдөлгөөнүүдээс “Сарны алхаа” (Moonwalk) нь алдартай. Чухам энэ хөдөлгөөнийг өөрөө зохиосон эсэхийг үнэндээ би сайн мэдэхгүй ч тэрээр энэ хөдөлгөөнийг өөрийнхөө дүр төрх болгож чадсан нь лавтай билээ.

Энэ хөдөлгөөн, энэ алхаа нь юугаараа алдартай вэ? Энэ хөдөлгөөнийг бүжиглэхэд их хэцүү болов уу? Үгүй л болов уу, магадгүй бүжиг сонирхдог хүн болгон ч сурч чадах нь магад. Асуултаа өөр талаас нь тавибал энэ алхаа нь юугаараа этгээд вэ? Хэрэвзээ түүний бүжиглэж байхыг сайн харвал тэрээр урагшаа явж байгаа мэт хөдөлгөөн хийж байгаа боловч, эсрэгээр нь бүр арагшаа алхахыг та олж харах болно. ( Дашрамд түүний бүжиглэхийг дахин харахыг хүсвэл энд орно уу)

Тэгээд энэ хөдөлгөөн нь чухамдаа бол түүнийг нэрд гаргасан энэ алхаа нь харь гаригийн дохиотой юугаараа холбоотой байж болох билээ. Та түр хүлээгээд тогтож уншаарай.

19... онд анх удаа хүн төрөлхтөн сансар огторгуй руу харь гаригийнханд зориулж дохио илгээжээ. Барагцаалбал энэ үеэс эхлэн харь гаригийнхнаас илгээсэн байж болох дохиог хүлээн авахаар хэт том радио дуран авайг байрлуулан судлаж эхэлжээ...Удсан ч гүй эхний амжилт гарч дохио хүлээн авлаа. Даанч харамсалтай нь дээрх дохио нь оддын үүсэл, мөхөл, сүүлт од... юу юунаас ч билээ гарч болохыг баталсан нотолгоо гарлаа, өөрөөр хэлбэл дохио гэгдсэн дээрх зүйл нь оюун ухаант амьтаны үүсгэсэн хиймэл зүйл бус, харин ч байгалийн гаралтай байж болохыг баталсан хэрэг.

Энэ мэтээр нэлээд хэдэн удаагийн хүлээн авсан гэгдэх дохиог ийм, тийм... гэх мэт гаралтай байж болохыг баталжээ. Эндээс асуулт урган гарах нь зүй ёсны юм. Асуулт: Харь гаригийнхны илгээсэн байх магадлалтай дохио нь байгалийн гаралтай дохионоос юугаараа ялгаатай байх ёстой вэ? Мөн түүнчлэн бидний сансар руу илгээх дохио нь байгалийн гаралтай бус гэж ялгагдахын тулд ямар байвал зохих бэ? Асуултыг тодорхой болгохын тулд зөвхөн радио долгионы хувьд ярьцгаая.

Энэхүү өнгөц харахад хошин гэмээр боловч сүрхий хэцүү бодлогыг анх ШинэСэБО – мэргэжилтэн томъёолж тавьсан төдийгүй шийдэж чадсан юм.

Таныг дахин чилээлгүй хариултыг нь хэлбэл: Манай галактикаас алслан байгаа од болон наашаа ойртон байгаа од нь хоорондоо эрс ялгаатай өнгөтэй байдаг байна. Зүйрлэж хэлбэл, машины ард талд нь улаан гэрэл, урд талд нь цагаан гэрэл тавьдаг шиг л. Тэгвэл сансар руу илгээх дохиогоо чухам аль галактик руу илгээхээс шалтгаалж, наашаа ойртож байгаа руу нь холдож байгаа мэт өнгөтэй дохиог дамжуулна. Өөрөөр хэлбэл тэдний хувьд бид ойртож байгаа мөртөө холдож байгаа мэтээр харагдаж, байгалийн хуулийн эсрэг- зохиомол гэдгээ батална.

Одоо Майкл Жексоны домогт бүжиг болон харь гаригийнхны илгээсэн байж болох дохио хоорондоо юугаараа төстэйг та олж харлаа.

Дээрх хоёр тохиолдолд наашаа явж байгаа мэт хөдөлгөөнөөр цаашаа холдох хөдөлгөөн хийж байна. Ингэснээрээ маш этгээд өвөрмөц шийдлийг буй болгож байна. Үүгээрээ урлагийн болон техникийн салбарт шийдэхэд төвөгтэй асуудлыг адил аргаар шийдэж байна. Асуудлыг төвөгтэй болгож буй зүйл нь түүнд агуулагдаж байгаа зөрчил байдаг бөгөөд энэхүү зөрчлийг шийдэх арга, аргачлалыг дээр цухас дурдсан ШинэСэБО онол өгдөг юм.

Дашрамд дурдахад дээрх хоёр жишээнд эсрэгээр гүйцэтгэх гэдэг нэртэй аргыг ашиглажээ. Яг энэ аргыг ашигласан бүтээл зөвхөн техникт төдийгүй нийгэм, урлаг, спорт гэх мэт бусад салбарт ч өргөн тааралдана. Тухайлбал спорт, цэрэг дайнд өрсөлдөгчөө хуурахад ихээхэн ашиглагдана. Гэхдээ эдгээр тусад нь авч үзвээс зохилтой том сэдвүүд билээ.

Т.Батууг 2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)