Шинийг сэдэх бодлогын онол : Хичээл № 5 Шинжилгээ, томъёо бас ялимгүй зөгнөл

Хичээл № 5 Шинжилгээ, томъёо бас ялимгүй зөгнөл

Шинжилгээ, томъёо бас ялимгүй зөгнөл

"Авьяаслаг сэтгэх томъёо" болон "Бооронгийн шинжилгээ" ("ТиН", 1979, № 3, 4) гэсэн өмнөх хичээлүүдэд өгөгдсөн бодлогын бодолтын дүнг гаргах цаг болжээ. 637 уншигч материал ирүүлжээ. 382 нь бодлого ба дасгалын хариугаа явуулсан байна. Идэвхтэн оролцогчид маань хэн байв аа? 62% нь инженер, 24% нь шинжлэх ухааны ажилтан, дээд сургуулийн багш, эрдмийн зэрэг горилогч, 9% нь оюутан, 5% нь арван жилийн зургаагаас дээш ангийнхан байлаа. Одоо бид инженер, эрдэм шинжилгээний ажилтны бүтээлч чадварыг дээшлүүлэх асуудал нь өргөн олон уншигчдийн сонирхолыг татаж байна гэдгийг зоригтойгоор баталж чадахаар боллоо.

Нисгэгч цөлд албадан буулт хийнгүүт л Бага хан хүүтэй танилцсан нь бодлого бодуулж эхлэв. Бага хан хүү хонь зурж өгөөч гэжээ. Зурсан зургууд нь гологдлоо: хонинууд нь болсонгүй. Бага хан хүү дахин хоёр хонийг хэтэрхий том, хөгшин гэхчлэн голлоо. Тэгэхээр нь нисгэгч хэдхэн зураас холбоод: “За энэ хайрцагийг чамд өгье. Дотор нь чиний дуртай хонинууд байгаа” гэжээ. Бага хан хүү баярлахын дээдээр баярлажээ (Антуана де Сент-Экзюпери "Бага хан хүү" номноос).

Хүчтэй шийдлүүд хэзээд санаандгүй байдаг. Объектийн тогтсон ойлголтоос, хуучин нэр томъёоноос татгалзах болно. Эцсийн эцэст “хонинууд” маань хоньтойгоо огт адилгүй болно. Үүнд л уран бүтээлийн утга оршдог.

"БАЙРЫГ НЬ СОЛИСОН" УТАС

Бодлого 3 – т ердийн биш бүтээц өгөгдсөн: соронзон нунтаг дундуур өнгөрдөг утасны оронд, утасны дундуур өнгөрдөг соронзон нунтгийг төсөөлөх хэрэгтэй байсан юм. Зарим уншигчид бодлогын ийм тавилтыг хүлээж авч чадсангүй: хэрвээ нунтагаа утасны дотор байрлуулбал энэ нь утас байхаа аль хэдийнээ болино. Тийм ээ, мэдээжээр өгөгдсөн техникийн системийг "БАЙРЫГ НЬ СОЛИХ" аргаар хувиргавал, бид ямар нэгэн шинэ ердийн биш юмтай тулна. Гэхдээ бидний зорилго маань чухам үүнд байгаа шүү дээ!

"Хэрвээ бид "дотроо соронзон нунтагтай утас" гэсэн ойлголтоос татгалзах юм бол “нунтгаар дүүргэсэн нэг юм” үүснэ гэж А. Предеин (Курган хот) бичжээ. Энэ "нэг юм" – дурын хэлбэртэй бүрхүүл – хоолой, сав гэх мэт байж болно.”

Бодлого хэцүү биш боловч, байж болох бүх схемийн гайхамшийг олж харахын тулд сэтгэхүйн хөшүүн байдлаа давахад л хангалттай байсан юм. “Утас” маань “хоолой” болон хувирч, соронзон оронгоор удирдуулсан соронзон нунтаг нь хоолойг матаж, өнгөлж, зүлгэж, дотуур нь урсах хий юм уу шингэний урсгалыг тохируулж, соронзон биш материалыг тээвэрлэж, хоолойг өөрийг нь хөдөлгөж товчхондоо бол энэ бүгдийг тоочишгүй олон юм... В. Карымов (Гомель хот) үг зүйн хүснэгт зохиож 200 схем багтаажээ. С. Козоровицкийгийн хүснэгт бүр 480 схем багтаасны зарим нь санал болгож байгаа хийцийг тусгажээ.

“Хоолойн” дотор сүв байсан ч соронзон нунтгийг оруулж чадна. Энгийн тохиолдол нь: соронзон бодисын найрлагаар дэвтээсэн утас юм. В. Казак (Харьков хот) ийм утсаар тор сүлжээд, мөсөн доор тавиад, гадарга дээр нь байгаа соронзон оронгоор удирдаж болно гэжээ. Утаснаас янз бүрийн тууз, хавтан руу шилжих нь зүй ёсны юм. Харьков хотын инженер С. Войтенко ийм зүйлсийг чимэглэлийн эд, театрийн хурдан солигдох ёстой тайзны хөшиг зэрэгт ашиглах санал ирүүлжээ.

Бодлого 4 бол илүү төвөгтэй юм: соронзон нунтагны хэрэглээний тухай санал нь шинэлэг байх ёстой. Энэ шаардлага маань уншигчдын эгдүүцлийг төрүүлээгүй нь тааламжтай байлаа. Саналууд маш олон, хүрээ нь өргөн байлаа: гудамж шүүрдэхэд зориулсан төхөөрөмжөөс сансрын хөлгийн “соронзон үүлэн” хамгаалалт хүртэл... Ихэнх хувилбарууд нунтаг хэлбэртэй болон үйрмэг бодисын технологт хамаарч байв. Нунтагаа хутгах, шилжүүлэх болон түүнийгээ халаах, хөргөх, үзүүлэлтийг нь хянах, тохируулдаг жийргэвч ба сийрэгжүүлэгч, үрлийг ангилах гэх мэт...

Хэрвээ аль нэгэн техиникийн системд соронзон нунтгийг хэдийнээ ашиглаж байвал яах вэ?

ФИЗИКИЙН ҮЙЛЧЛЭЛИЙГ НЭМЭЕ

Инженер Н. Рудковский (Рыбинск хот) ийм тохиолдолд Кюрийн цэгийн тодорхой төлөвийг соронзон нунтагтай хамт хэрэглэхийг зөвлөжээ. Цоо шинэ боломж гарч ирч байна: Кюрийн цэг хүртэл халаахад соронзон чанар алга болж, өгөгдсөн хэм хүртэл л халаах боломж (жишээлбэл индукцээр) олдоно. И. Рябкин (Чебоксар хот) соронзон нунтгийг савлагааны материалд тэмдэглэгээ болгон хэрэглэх санал гаргасан нь, янз бүрийн материал нь өөрсдийн гэсэн Кюрийн цэгтэй байх болно. Ийм тэмдэглэгээ нь хотын хогийг ангилан устгах асуудалд хандах шинэ чиглэл өгнө. Энэ нь хамгийн их сонирхолтой санаа байсныг тэмдэглэх нь зүйтэй. Үүнийг зөвөөр үнэлэхэд жилдээ зөвхөн манай орны хаягдаж байгаа савласан бүтээгдхүүнээс 12 сая тонн цаас, 1,5 сая тонн төмөрлөг гардгийг дуулгая. Дээрээс нь нэмээд хэдэн зуун мянган тонн нэхмэл, хуванцар, шилэн материал...

Бараг бүх объектыг шууд буюу “зальжин” аргаар – соронзон нунтгийг оруулан удирдаж, эдгээр объектийн удирдлагын түвшнийг дээшлүүлж болно. Иймд нэлээд хэдэн захианд асуулт байгаа нь санамсаргүй зүйл биш юм: тийм систем нь цаашид хөгжих болов уу? Бооронгийн системийн хөгжил нь физикийн үйлчлэлтэй “нягт холбогдсоны” тооцоон дээр л явагддаг: Кюрийн цэгийг дайрсан шилжилт, Гопкинсоны, Баркхаузены үйлчлэлийг ашиглах... “Зохион бүтээх атар газар” хэвээрээ байгаа физикийн үйлчлэлүүд одоохондоо байсаар байна: жишээлбэл Кюрийн соронзон цэгийн эсрэг нь - Неелегийн цэгийн дайралт. Соронзон үзэгдлийн тухай бидний мэдлэг нь тэдгээрийг инженерийн үйл хэрэгт ашиглахаас түрүүлж байгаа юм. Тун саяхан хэт хүчтэй соронзон орон дахи шинэ үзэгдлийг нээсэн байна: бодисонд төлөвийн шилжилт санаандгүй явагдаж, жишээлбэл металл биш бодисууд металлын шинж чанартай болжээ.

ТОМЪЁОНЫ ШИДЭТ ТАЛСТ

Бодлого 11- ийг бараг бүх уншигч чадсан байна. Харьковын тракторын үйлдвэрийн техникийн дугуйлангийнхан (дугуйлангийн удирдагч В. Городовой) бодлогыг хичээл дээрээ бодоцгоож, хичээлд суусан сонсогчид илүү оновчтой хариулжээ. Зөв бичиглэл нь дараахи байдалтай:

П

<>

В1

В2

В1

В1 гэсэн бодисыг удирдах шаардлагатай: П оронгийн удирдлаганд сайн ордог В2 гэсэн бодис гаднаас оруулж, В2 – ыг В1 – тэй холбоно. П гэсэн орон нь В1 бодистой шууд харилцаж "чадахгүй" байна; гэхдээ В2 бодис – зуучлагчийг сонгон авах боломж үргэлж нээлттэй юм. Энгийн тохиолдолд: шахсан пүршээ мөсөн дотор хийж хөлдөөнө (ердийн буюу хуурай); дулааны үйлчлэлээр мөс хайлахад пүрш тэнийнэ.

Гайхамшигтай энгийн! Яагаад бооронгийн шинжилгээг арай эрт бодож олсонгүй вэ? Гэж Н.Мельник (Запорожье хот) бичиж байна. Гэхдээ экскаватор эсвэл цахилгаан хөдөлгүүр зэрэг техникийн төвөгтэй системийг боорон яаж задлахыг сайн ойлгохгүй байна? Гэжээ.

Бооронгийн томъёо нь техникийн системийн байгуулалтыг тусгадаггүй, харин техникийн систем хөгжих хуулиудаар тодорхойлогдсон бодлогын бүтэц болон бодох чиглэлийг тусгаж байдаг. Иймээс экскаватор, цахилгаан хөдөлгүүр зэргийн химийн томъёо гэж байдаггүй шиг л тэдгээрийн бооронгийн томъёо гэж байх ёсгүй. Жишээ болгож нэгэн патент үзье л дээ: патент № 187135 “Цахилгаан машины ууршуулан хөргөгч нь машины, ялгаатай тал нь, хөргөх шингэнийг зайлшгүй өгөхөөс зайлсхийхийн зорилгоор идэвхтэй эд анги болон тусдаа байрлах хийцийн хэсгүүдийг сүвэрхэг металлаар, жишээлбэл машины ажиллах үед ууршдаг хөргөх шингэнийг шингээсэн сүвэрхэг нунтаг гангаар хийгдсэн нь идэвхтэй, богино хугацаанд, жигд хөргөлтийг хангадаг” гэжээ. Энэ бодлого болон шийдэл нь бооронгийн хэлбэрээр ингэж харагдана:

Цахилгаан хөдөлгүүрт үйлчилж байгаа дулааны оронгийн хортой үйлчлэлийг зайлшгүй арилгана: бооронг гүйцээж, В2 гэсэн бодис нэмж оруулснаар дулааны оронгийн үйлчлэл “шахагдана”.

Бодлого 12 ч хэцүү биш юм: утасны суналтыг хянахын тулд утсан дээрээ ямар ч бодис түрхэх хэрэггүй, харин орон хэрэглэх, бүр энгийн нь цахилгаан орон байх юм. Суналтыг нь цэнэгийн шугаман нягтаар буюу тэмдэг хоорондын зайн өөрчлөлтөөр мэдэж болно. Зарим уншигчид бооронгийн шийдлийн эсрэг тал - өөр арга санал болгожээ. Ийм арга байна: утсаа сунахаас нь өмнө болон хойно нь хоёр цилиндр орооход сунасны хэрээр нь ороодсын тоо өөрчлөгдөнө гэжээ. Төвөгтэй биш бодлогын хувьд бол бооронгийн болон бооронгийн бус аргууд адилхан хүчинтэй байж болох юм. Гэхдээ л бооронгийн хандлага нь төвөгтэй бодлогод сүүлд нь тохирох илүү нийцлэг томъёо өгдөг юм. Суурь машинаа зогсоохгүйгээр цувимлын харьцангуй суналтыг хэмжих хэрэг боллоо гэж үзье. Бооронгийн шинжилгээний үүднээс ийм бодлого нь дорхиноо л шийдэгдэнэ. Гэтэл бодит амьдрал дээр шийдэл нь хэдэн арван жилээр хоцрогдсоор л...

Бооронгийн дүрмээр заалгасан шийдлүүд нь цаашдын хөгжлийн арвин нөөцтэй байдагийн учир нь боорон болон соорон нь дээр тэмдэглэсэнчлэн физикийн янз бүрийн үйлчлэлтэй хялбархан “наалддаг”- т байдаг. Жишээлбэл, газар доор чулуулагийн шилжилтийн улмаас өрмийн хоолойг нэг хэсэгт нь хавччихсан гэж үзье. Энэ хэсгийг нь яаж олох вэ? Хоолойны дотор талаас нь соронзон тэмдэг тавья, дараа нь хоолойгоо татуургаар “угзарна”. Цохилтоос болж хавчигдсан хэсгээс дээшх бүх тэмдгүүд соронзон чанараа алдана – одоо хавчигдсан болон зүгээр хэсгийн заагийг олох хэцүү биш боллоо.

Сургалтын бодлогыг шийдэх нь – гимнастикийн хэрэглэл дээр дасгал хийхтэй нэгэн адил юм. Харайх ёстой газар нь зүгээр л алхаад гарчихаж болно л доо. Гэхдээ ингэлээ гээд ямар ашиг тус байна вэ?...

УЙТГАРТАЙ ДЭВХРЭГЧ СОЛОНХАД , МОДЛОГ ГЭХ МЭТҮҮД

Бооронгийн эхлэлийн болон үг зүйн шинжилгээнүүд дажгүй байлаа. Харин “зөгнөх” тал дээр жаахан базаахгүй дүнтэй. Хүүхдүүд ийм дасгалуудтай илүү сайн ажилласан байна. Байгалийн зөгнөлт үзэгдэл бодож олно уу гэсэн даалгаврыг “Пионерийн үнэн” сонинд гаргахад, ирүүлсэн захиа нь тоогоороо ойролцоо байсан ч зөвхөн зөгнөлт бороо гэхэд 47 төрөл (манай уншигчид 14 –ийг) ирүүлжээ. Өөрсдөө тунгааж үз л дээ. Зөгнөлт цуурайг ердөө 6 хүн санал болгосны хамгийн гайгүй санал нь асуултанд хариулдаг байлаа. Харин хүүхдүүд 16 янзын цуурай бодож олсны дотор бодлыг давтдаг хүртэл байлаа...

Хүүхдүүд зөгнөсөн тохиолдолд 10- тохиолдлоос 6 удаад нь байгалийн үзэгдлийг эх болгож аваад, давгүй бодитой хариулт ирүүлжээ. "ТиН" сэтгүүлийн уншигчдаас 10- аас 6 удаад нь техникийн объектийг эх болгож авсан нь нэг л сонин, машинтай л төсөөтэй зүйлүүд ирүүлжээ.

Инженер М. Бдуленко (Москва мужийн Красногорск хот) дажгүй бүтээл ирүүлсэн нь хүүгээрээ туслуулсан гэжээ. Туслалцаа нь мэргэжлийн байсан бололтой, шинээр бодож олсон “зөгнөлт үзэгдэл” нь техникийн системийн оролцоогүйгээр шийдэгджээ.
Жишээлбэл, эргэлддэг хадан цохио шиг солонго – солонхад байна. Эсвэл галт уул – дэвхрэгч байна. Зургаас харвал, их л уйтгартай байнга дэвхэрч нүүж, тэрэнтэй хэн ч тоглохыг хүсэхгүй байх ажээ. Энэний харах тусмаа чухам яагаад Бага хан хүү өөрийн гариг дээрх галт уулын талаар тэгтлээ их санаа таьсныг ойлгох болно...

Б. Давыдов (Харьков хот) “бодлогын тавилт нь үг зүйн шинжилгээ рүү түлхэж байна, тэгээд ч энэ бол арга болохоос зөгнөл биш" гэжээ.

Зөгнөл арга хоёрыг эсрэгцүүлэн тавих шаардлага байгаа гэж үү? Дэвхрэгч, солонхад, модлог (М. Бдуленко сунадаг мод) эд бүгд объектийг хөдөлгөөнжүүлэх гэдэг ганц л аргаар зохиогдоогүй гэж үү? Жонатан Свифтийн номонд гардаг аварга хүмүүс, одойчууд гэдэг чинь арга биш гэж үү? Ахмад Врунгель болон барон Мянгуужингийн адал явдал чинь тэр аяараа химийн цэвэр зөгнөл байгаа биш гэж үү, тэгээд ч энд хэрэглэсэн арга нь тод байна. Тэр нь яг л уран зураг аятай: зураачийн будгийн өнгө нь тод хурц, сонголт ихтэй байх тусмаа л зураачийн боломж их болдог, тийм биш гэж үү?

АНХААР: ШИЙДЭГДЭЭГҮЙ БОДЛОГО!

Одоо харин хараахан шийдэгдээгүй бодлого өгье. Үүнийг Ленинград хотын худалдааны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн ажилтан Э. Симкин ирүүлсэн юм.

“ Бортого хэлбэртэй хөнгөн цагаанан литрийн шанагыг хэвлэх ажиллагааны дараагаар хэвнээс нь их хүч гаргалгүйгээр сугалах боломжгүй болжээ. Энэ ажиллагааг яаж хөнгөвчлөх вэ?

Тэгэхээр бат бөх металл бортогон хэв байна. Түүнд хөнгөн цагаан шанага чийрга сууна. Шанагаа эвдэлчилгүйгээр хөнгөхөөн гэгч нь авдаг арга олох хэрэгтэй боллоо. Дулааны тэлэлтийг ашиглах санааг шууд толгойноосоо авч хаяя. Ийм энгийн амархан санааг өдий болтол олооогүй байсан гэж л лав байхгүй биз. Хайлдаг хэв ашиглах гэх мэтийн төвөгтэй шийдлүүдээс мөн татгалзая. Энгийн хэрнээ найдвартай, үр бүтээлтэй зүйл л хэрэгтэй байна (шанагыг нэг нэгээр нь хэлбэх). Энэ бодлогыг шийдэхэд бооронгийн шинжилгээний томъёо шаардлагатай (тэр нь бодох ерөнхий чиглэлийг хэлж өгнө) мөн ТТШ (төгс төгөлдөр шийдэл) - ийг тодорхой тавихын тулд зөгнөх хэрэгтэй. Санаандгүй, гоё шийдэл олохыг хичээгээрэй. Сайн шийдэлд “хонинууд” нь дандаа л ердийн биш харагддаг гэдгийг санаарай...

БИЕ ХАЛААЛТАД ЗОРИУЛСАН БОДЛОГУУД

Энд байгаа бодлогууд нь хэвлэгдсэн хичээлийн агуулгатай холбоогүй болно.

Саванд хадгалж байгаа нефть бүтээгдхүүн байнга ууршиж байдаг. Саваа битүүлж болохгүй. Хөвдөг дэлгэц хэрэглэхээр оролдсон ч савны хананы тэгш бусаас болоод дэлгэц савны хана хоёрын хооронд зай үлдээх боллоо. Нефть бүтээгдхүүн хуучны адил ууршсаар л... Яах вэ?

Хайлмал металлыг тогооны ёроолд байх нүхээр юүлдэг байлаа. Хайлмалын түвшин өөрчлөгдөхөд гоожиж байгаа металлын хэмжээ нь тогтмол байх хэрэгтэй болжээ. Хаалт болон хавхлаг тохирохгүй, нүх нь онгорхой байх ёстой... Таны санал?

Хөтлөгч гол 400 – аас 4000 эр/мин эргэж байна. Хөтлөгдөгч гол тогтмол 400 эр/мин эргэх ёстой. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

Технологийн зорилгоор системийг шингэн хүчилтөрөгчөөр цэнэглэдэг. Цэнэглэх явцад системд хийн хэлбэртэй хүчилтөрөгчийн олон бөмбөлөг ордог. Шингэнээс хийн бөмбөлөгийг яаж ялгах вэ? Таны санал болгох шийдлийн бооронгийн томъёо нь ямархуу байх бол?

© Альтшуллер Г.С., Журнал "Техника и наука", 1979, №10
АНАЛИЗ, ФОРМУЛЫ И НЕМНОГО ФАНТАЗИИ

Орчуулсан Т.Батууг

2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)