Шинийг сэдэх бодлогын онол : Хичээл № 4 БАЙДАЛ, БОДЛОГО, БОДЛОГЫН ЗАГВАР...

Хичээл № 4 БАЙДАЛ, БОДЛОГО, БОДЛОГЫН ЗАГВАР...

БАЙДАЛ, БОДЛОГО, БОДЛОГЫН ЗАГВАР...

Тэгэхээр техникийн системүүд нь тодорхой хуулийн дагуу хөгждөг. Эдгээр хуулиудыг танин мэдэж ашигласнаар шинийг сэдэх бодлогыг “томъёоны” дагуу, ө.х. хувилбаруудыг эцэс төгсгөлгүй олон удаа эмх цэгцгүй туршиж үзэлгүйгээр, шинжлэх ухааны үндэстэйгээр бодож болно. Бид онолын хэсгүүдийн нэг зарчим - бооронгийн шинжилгээг үзэх явцдаа зарим нэгэн “томъёотой” тагилцсан билээ. Бодлого нь техникийн зөрчлийг (тэр нь дотроо физикийн зөрчлийг нуусан байдаг) агуулдаг тул “томъёоны” мөн чанар нь зөрчлийг даван туулах дүрэм юм.

Тийм дүрмүүдийн багцтай байхад л хангалттай санагдаж, бодлогыг шийдэж болмоор байдаг. Гэвч асуудал илүү нарийн юм. Дүрэм танд: “Ингэж хийх хэрэгтэй” гэж хэлнэ, харин эрүүл саруул ухаан (ө.х. сэтгэхүйн хөшүүн байдал) чинь танд: “Тэнэг үү чи, ингэж хийж огт болохгүй...” хэмээн шивнэнэ. Хайлсан металлаар дүүргэсэн сав байлаа гэж бодъё л доо, тэгээд тэр металлаа шингэн байдалд нь аль болох удаан хадгалах шаардлагатай байлаа. Ингэтэл дүрэм танд зааж байнаа: “Хайлмалыг царцаахгүй байх шаардлагатай юм уу? Аан за, тэгвэл дээрээс нь мөс хийчихье л дээ...” гэнэ. Эрүүл сэтгэлгээгээр бол ийм санааг хүлээж авах ямар ч утгагүй билээ. Байгуулсан дүрэм болон эрүүл саруул сэтгэлгээний чинь хоорондын халз тулааны ялагчаар ихэвчлэн эрүүл саруул ухаан тодорч: зэрлэг гэхээр санаа бут цохигдоно...

Тусад нь авсан нэг ч дүрэм, нэг ч дүрмийн багц нь бодлогыг амжилттай шийдэх баталгаа болохгүй. Тэгэхээр дүрмүүдээ чанга хатуу системд нэгтгээд, энэ системээ “дүрэм эвддэг дүрмээр” хангаж өгөх зайлшгүй шаардлагатай юм. Мөн дүрмийг дэс дараалан дагахыг болон огтхон ч хэлбэрэлтгүйгээр алдаагүй ажиллахыг шаарддаг программ хэрэгтэй байна.

Ийм программ орос улсад зохиогдсон нь Шинийг сэдэх алгоритм (ШинэСАЛ) гэж нэрлэгджээ. ШинэСАЛ- ын анхны хувилбарууд нь бүр 40- оод онд үүсч, тасралтгүй сайжирсаар одоогийн ШинэСАЛ- 77 нь хангалттай найдвартай ажиллаж байгаа юм.

ШинэСАЛ нь бодлого бодох явцыг долоон хэсэгт хуваадаг. Хэсэг болгон нь алхамаар хийгдэнэ. ШинэСАЛ – ын “шат” нь алхамыг гүйцэтгэх өөрийн гэсэн журамтай. Хэрвээ аль нэгэн дүрмийг зөрчвөл 2- 3 алхамын дараагаар алдаа нь ил гарч: томъёоллууд “эвэндээ орохоо болино”. ШинэСАЛ нь хэдэн арван мянган патентыг шинжлэх замаар гарган авсан мэдээллийн нягтруулан шахсан арвин их сангаар хангагдсан байдаг.

Бидэнд ШинэСАЛ- 77- ын бүтэн эхийг оруулах боломж байгаагүй учир хэсэгчлэн өглөө. Гэхдээ эхлээд урьдчилж тайлбар хийе. Бодлогоо зөв тавих нь талыг нь бодсонтой адил шахуу гэдгийгбид мэднэ. Ихэвчлэн бодлого маань “түүхий” хэлбэрээр, тодорхой бус буюу зөв биш томъёологдож өгөгддөг байна. Иймээс бодлогоо зөв бодох явц нь ямар нэгэн хэмжээгээр, нөхцлөө өөрчлөх болон эргэцүүлэн бодох, эцсийн зорилгоо тодруулж тавихад оршдог. “Түүхий” бодлого (түүнийг нөхцөл байдал гэж нэрлэдэг) нь ердөө л аль нэгэн техникийн систем (буюу системийн хэсэг) дэхь агуулагдаж байгаа дутагдалтай талыг зааж байдаг. Байгаа нөхцөл байдал нь ганц ч янз бүрийн бодлого болон хувирч магадгүй юм. “Далбаат усан онгоц бага хурдтай хөдөлдөг. Яах билээ?” гэсэн нөхцөл байдлыг жишээ болгож авъя л даа. Энэ нөхцөл байдлыг бодлогын цуваа болгон үргэлжлүүлж болно: далбааг нь яаж сайжруулах вэ, усны эсэргүүцлийг яаж бууруулах вэ, ерөөс далбаагаа байж болох уу гэх мэтчлэн. Туршилт алдааны аргаар ажиллаж байгаа үед ухаан бодол маань нэг бодлогоос нөгөө рүү үсчиж байдаг. Бүр муу байх удаа ч байдаг: хүн ганц хувилбараа сонгон аваад, хувилбар хувилбарыг туршсаар, бодлогоо буруу сонгосноо анзаардаггүй. ШинэСАЛ- д нөхцөл байдлаас бодлого руу шилжих найдвартай дүрэм бий. Тухайлбал, нөхцөл байдал бүр нь жижгэсгэх бодлого руу дараах зарчмын дагуу шилждэг байх ёстой: бүх юм өөрчлөлтгүй үлдэнэ, гэхдээ нөхцөл байдалд дурдагдсан сөрөг үзүүлэлтийг арилгана (эсвэл шаардагдаж байгаа эерэг үзүүлэлтийг үүсгэнэ). Хэрэв нөхцөл байдал нь найдваргүй хуучирсан техникийн системд хамаарч байсан ч ялгаа байхгүй эхлээд жижгэсгэх бодлогыг л авч үзэх нь зүйтэй. Техникийн систем солигдоход олон он жилүүд өнгөрөх нь гарцаагүй учир хэсэгчилж түр зуур ч болтугай хялбархан нэвтрүүлж болох шийдэл нь ашигтай байдаг. Харин жижгэсгэх бодлого нь нэвтрэхдээ хэзээд хялбархан байдаг: энэ нь жижгэсгэх бодлогын мөн чанараар тодорхойлогддог (юуг ч өөрчилж болохгүй).

Бодлогын нөхцлөөр ихэвчлэн бодлого нь хамаарагдаж байгаа техникийн систем л заагддаг: анхаарлын төвд илүү зүйлс тусах нь бий, заримдаа эсрэгээр нь хэрэгтэй зүйл дутуу байх нь бас бий. Иймээс бодлогоос загвар руу шилжиж, дундаас нь бодлогыг төрүүлж байгаа зөрчил болон хос хэсгийг ялгах шаардлагатай. Дараа нь хосоосоо өөрчлөгдөх ёстой хэсэг болон физикийн зөрчлийг “нууж байгаа” бүсийг тодорхойлохыг зөвлөж байна. Энэ бүх үйлдэл тодорхой дүрмийн дагуу явагдах ёстой.

Энэ явцад ТТШ (төгс төгөлдөр шийдэл)- ө.х. төгс шийдлийг тодорхойлох нь маш чухал алхам байдаг. Дурын бодлого нь зарчмын хувьд хариултын олонлогтой байж болдог. Гэвч хамгийн сайн хариулт хэзээд ганц байдаг: “ямарч юм гүйгээр”, ямар ч материал, эрчим хүч, төхөөрөмж зарцуулахгүйгээр системийг өөрчлөхгүйгээр, яг л шидэт савааагаар далласан мэтээр шаардагдаж байгаа үр дүн нь өөрөө биелэх юм. Мэдээж ийм төгөлдөршилд бодитоор хүрэх нь боломжгүй. ТТШ нь шийдлүүдээс хамгийн сайн нь гэж чиглэж байх боломж олгодог чиг заагчийн үүрэг гүйцэтгэдэг. Бодит шийдэл нь төгөлдөршил рүү хамгийн ойртсон байх ёстой, үүний тулд ТТШ – рүү дөхөх хэрэгтэй.

Одоо танд хавсралтанд өгөгдсөн ШинэСАЛ- 77 ойлгомжтой болсон гэдэгт итгэж байна. Үлдсэн хэсгийг бид сургалтын бодлогоор тайлбарлая.

ШИНЖИЛГЭЭНИЙ ГАН ТЭЭРЭМ

Бодлого өгье:

Бодлого 15. Домен зууханд ширэм хайлах явцад үүсдэг шааргыг шаарга боловсруулах үйлдвэр рүүтөмөр замаар, том тогоонд юүлэн тээвэрлэдэг. Шаарганы эхний дулааны хэм нь ойролцоогоор 1 000° С боловч замдаа хөрсний улмаас гадарга дээр нь хатуу бүрхүүл үүсдэг байна . Дара нь шингэн шааргаа юүлж авахын тулд үүссэн хатуу бүрхүүлийг тусгайлан бэлдсэн цүүцний төхөөрөмжөөр цөмөлдөг. Гэвч олон шалтгааны улмаас (тогооны хана нь налуу, тогоо болгонд шаарга их бага түвшинтэй, бүрхүүл нь зузаан нимгэн янз бүр) тогооны ханыны харалдаа цоолж чаддаггүй бөгөөд шаарга ч бүрэн юүлэгддэггүй үлддэг байна. Шааргын алдагдал (хатуу бүрхүүл үүссэн болон бүрэн юүлээгүйн улмаас) нэлээд их, ойролцогоор 1/3 хэсгийг эзэлдэг. Царцсан хатуу бүрхүүлийг цөмлөж, шингэнийг нь юүлж авахын тулд тусгай өндөрлөсөн тавцан дээр тогоонуудыг гаргах болдог байна. Хатуу бүрхүүлийг цөмлөх, үлдсэн шингэнийг юүлэх, тогоог тавцан дээр гаргах энэ бүгдэд тогоогоо цэвэрлэх, шааргын овоолго үүсгэх гэхчлэн хөдөлмөр шаардсан ажил бас нэмэгдэнэ...

Дулааны үндсэн алдагдал – хайлмагын дээд гадаргуу юм. Гэхдээ дулаан тусгарлагч таглаа хэрэглэх нь өргөгч кран шаардаж, ажлын явцыг удаашруулж байгаа тул татгалзахаас аргагүй болжээ. Яах вэ?

Бидний өмнө янз бүрийн тодорхой бодлогууд руу хөрвүүлж болохуйц нэгэн загварын “түүхий” бодлого- нөхцөл байдал байна. “Шаарга үүсгэлгүйгээр ширмийг хайлуулах арга олох хэрэгтэй” гэж болно. Эсвэл “Шааргыг тогоонд хийлгүйгээр зөөх арга бодож ол” гэж болно. Бүр “Тогоонд үүссэн шаарганы хатуу бүрхүүлийг яг хананых ирмэгийн дагуу цөмлөдөг болгож цүүцний төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй” гэж ч бас болно... Гэхдээ бид юуг яаж хийхээ мэдэж байгаа учир бодлогыг жижгэсгэсэн хэлбэрт шилжүүлье. Домен цехийн нэг ч тоног төхөөрөмжийг өөрчлөлгүйгээр, шааргыг зөөх нэмэлт төхөөрөмжгүйгээр – юуг ч өөрчлөлгүй, гэхдээ шааргаа боловсруулах төхөөрөжинд нь шингэн байдалтай хэвээр нь огтхон ч дутаалгүйгээр авчирах ёстой. Энэ бичиглэлийг 2.1 алхам гэж тооцоод загвар байгуулж эхлэе (ШинэСАЛ- 77 хэсгийг үзнэ үү).

2.2. Сөргөлдөж байгаа хос: шаарга - агаар.

(Эдлэл – шаарга. Шааргатай шууд харилцан үйлчилж байгаа "багаж" нь тогоон дээрх хүйтэн агаарын багана юм. Халуун шаарга агаарыг халаахыг “хүсч байгаа”, харин хүйтэн агаар шааргыг хөргөхийг “хүсч байгаа” нь сөргөлдөөн болж байна. Бодлогын загвар нь хэлбэршүүлсэн учир ердөө л огторгуйд хайлмал шаарга дүүжлэгдэж, түүний дээр нь хүйтэн агаар байж байна гэж үзнэ. Системийн бусад бүх хэсгийг тооцолгүй шууд хаясан бөгөөд ингэснээрээ өчнөөн хоосон хувилбарыг эргэцүүлэхгүй болж байна).

2.3. а. Агаар шааргыг амархан нэвтрүүлнэ (тогоог дүүргэх болон хоослох үед);

б. Агаар шааргыг хөргөнө.

2.4. Шингэн шаарга болон түүний дээрх агаар өгөгдсөн. Агаар шааргыг чөлөөтэй нэвтрүүлнэ (энэ бол сайн) мөн дулааныг барьдаггүй (энэ бол муу).

3.1. Шаарга - эдлэл. Агаар – байгалийн зүйл. Дүрэм 7- ийн дагуу бид гадаад орчныг сонгож байна.

Ингээд гуравдахи зүйлийг зайлшгүй оруулах шаардлагатай.

3.2. ТТШ: гадаад орчин нь шааргыг хөргөхөө өөрөө болино, ингэхдээ шингэн шааргыг чөлөөтэй нэвтрүүлдэг чадвараа хадгална.

3.3. ТТШ- д заагдсан, хоёр шаардлаганд зохицохгүй байгаа –шаарганы гадаргаас тогооны ирмэг хүртэлх (эсвэл ялимгүй өндөр, гэхдээ төмөр замын зөвшөөрөгдөх овроос өндөргүй байхаар) бүс, ө.х. дулаан тусгаарлагч таглаа байвал зохих тэр хэсэг. Энэ бүсд агаар байна. Уул нь гадаад орчин – ямар нэгэн бодис байх ёстой.

3.4. а. Шааргыг хөргөхөөс хамгаалахын тулд энэ бүсд ямар нэгэн бодис – дулаан тусгаарлагч (вакуум – дулаан тусгаарлагчинд ч гэсэн вакуумыг тусгаарлагч хэрэгтэй).

б. Шааргыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд энэ бүсд ямар нэгэн бодис байх ёсгүй.

3.5. Физикийн зөрчил нь: гадаад орчны сонгон авсан бүс нь дулаан тусгаарлахын тулд бодисоор дүүргэсэн байх ёстой мөн шааргыг чөлөөтэй нэвтрүүлэхийн тулд бодисоор дүүргэгдээгүй байх ёстой.

4.1. б. Хайж байгаа бодис нь тогоог шааргаар дүүргэх үед өөрөө бий болоод мөн шааргыг юүлэх үед өөрөө алга болох ёстой.

МАТЕМАТИКИЙН НАРИЙВЧЛАЛТАЙГААР ЗОРИЛГОДОО ХҮРЭХ НЬ

Шинжилгээний зүй тогтлыг ажиглаарай. Домен зуух, тогоо, төмөр замын тавцан гэх мэтчлэн олон зүйлээс бүрдсэн систем өгөгдсөн байна. 2.2 алхамаар сөргөлдөу байгаа хоёр зүйл сонголоо: шаарга болон агаар. 2.3 алхмаар сөргөлдөөний мөн чанар тодорч байна. 2.4 алхам нь өмнөх 2.2 болон 2.3 – ын бичиглэлийг холбож байна: хэрвээ алхмууд зөв хийгдсэн бол холболт зүй ёсоор болно. 3.1 алхмаар нэг зүйлийг сонголоо. 3.2 энэ зүйлд зориулж ТТШ – ийг томъёолно. 3.3 нэг зүйлийн хэсгийг ялгана. 3.4 техникийн зөрчилтэй шаардлагаас физикийн зөрчил рүү шилжинэ. Хэрвээ 3.3 болон 3.4 алхмууд зөв хийгдсэн бол тэд 3.5 алхманд физикийн зөрчлийн томъёололтой хялбархан холбогдоно. 4.1-д зөрчлийг арилгах анхны алхам хийгдлээ: зөрчилтэй шаардлагуудыг хугацаагаар хуваалаа.

Ингээд физикийн зөрчлийг томъёолж тодорхой бүстэй уялаа. Мөн түүнчлэн бид амархан бий болж, мөн л амархан алга болдог бодисын тусламжтайгаар энэ зөрчил нь арилах ёстой гэдгийг мэднэ. Бооронгийн шинжилгээний дүрэм нь илүү нарийвчлахыг зөвшөөрнө: бооронг эвдэхдээ байгаа бодисуудынхаа дүрс хувиргасан бодисыг оруулах ёстой (зөвхөн ийм тохиолдолд л “бодис байна мөн бодис байхгүй” гэсэн зөрчлийг давна). Гурван тохиолдлыг авч үзэх л үлдэж байна. Ялган авсан бүс дотор дараахи бодис байж болох юм:

Дүрс хувирсан агаар (цорын ганц боломж – халуун агаар боловч энэ нь халаах систем шаардах учир ТТШ- тэй зөрчилдөнө);

Дүрс хувирсан шаарга (цорын ганц боломж – шааргын хатуу үрэл нь дулааныг барина мөн шингэн шааргыг нэвтрүүлж байгаа нь ТТШ- д дөхсөн хэдий ч үрлийг тусгайлан бэлтгэж цацаад, шингэн шааргыг юүлэх үед ямар нэгэн аргаар тогтоох хэрэгтэй болно; энэ санаа нь 4.1 – тэй тохирч байгаа нь сонирхолтой);

Шаарга болон агаарын холимогийн дүрс хувирал - шаарганы хөөс (маш сайн дулаан тусгаарлагч, шууд тогоон дотор хялбархан бэлтгэж болно, шааргыг юүлэхэд ямар ч садаа болохгүй).

Хариулт ил байна – шааргыг хөөсрүүлэх. Хөөс үүсгэхийн тулд хий (эсвэл уур) хэрэгтэй. Ингээд бид “зэрлэг” гэхээр санаанд дөхөж ирсэн нь ТТШ- тэй тун ойр байна: дулааныг барихын тулд хайлмал руу мөс хийх хэрэгтэй (ердийн болон хуурай алин ч болно) эсвэл ердөө л бага зэрэг ус хийнэ...Бодлогыг хамгийн анх удаа ШинэСАЛ- ын тусламжтайгаар шийдэж, патентын эрх аваад, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлснийг нэмж хэлэх л үлдэх шив.

Одоо дасгал хийхэд Тань зориулан бодлого өгье.

Бодлого 16. Шингэн байдалтай ганг цэвэрлэхийн тулд шааргатай хольж хутгадаг. Хутгахын тулд тогоогоо цахлигаан соронзонгийн туйлуудын хоронд байрлуулж, хайлмал дундуур гүйдэл дамжуулдаг. Электродуудыг тэгш бус хэмтэй байрлуулахад нэгэн төрлийн биш гүйдэл металлыг хутгадаг. Хэрвээ хүнд шаарга авбал гантай сайн холилдох боловч дараа нь шааргыг ялгахад хэцүү. Хэрвээ хөнгөн шаарга авбал амархан хөвөх боловч ийм шаарга гантай муу холилдож муу цэвэрлэнэ. 2.2 алхмаас эхлэн 3.5 хүртэл бодолтын бичиглэл хийнэ үү.

Энэ бодлого нь шинжилгээ хийхэд зориулагдсан юм. Физикийн зөрчлийг зөв томъёолоход л хангалттай. Энэ үедээ ТТШ- ийн тухай байнга санаж байгаарай: ямар ч зардалгүй, юуг ч өөрчлөлгүйгээр “юу ч гүйгээр” зөрчил нь шийдэгдэх шийдэл л зөвхөн тохирно.

ШинэСАЛ- ын дагуу бодлого бодох үйл ажиллагаанд бодол санааг удирдах гол хэрэгсэл нь – бодлын явцын шинж чанар болон дэс дарааллыг тодорхойлж байгаа программ өөрөө юм. Гэхдээ жишээ нь ШинэСАЛ – ын эхний шатанд ашиглагддаг ХХӨ үйлдэл гэж өөр хэрэгсэл ч бас байна.

ХХӨ үйлдэл – энэ нь бодлогын нөхцөл дээр хийгдэх оюун санааны зургаан туршилт юм. Эхний туршилт нь авч үзэж байгаа системийн хэмжээг санаандаа багасгаж, түүний хэлбэрийг нь эрс өөрчлөхөд оршино. Энэ нь сэтгэхүйн хөшүүн чанарыг сааруулж, системийн тухай тогтсон ойлголтыг эвдэнэ.

Дасгал 3. Объект – нефть дамжуулагч. Санаандаа дамжуулагчийн хэмжээг (диаметр,хананы зузааан) багасагах хэрэгтэй. Техникийн шинэ систем үүснэ:Микро түвшин дэхь нефть дамжуулагч. Энэ нь ямархуу тогтоцтой бол? Яаж ажиллах бол? Микро түвшинд шилжсний үр дүнд ямар шинэ боломжууд илэрч байна вэ?Эдгээр онцлогоос нь ердийн нефть дамжуулах хоолойд шилжүүлж болохгүй юм болов уу?

ШинэСАЛ-77

2-р хэсэг Бодлогын загварыг байгуулах нь

2.1 Бодлогын нөхцлийг тусгай нэр томъёо ашиглахгүй бичнэ.

2.2 Зөрчилдөөнд орж байгаа хос хэсгийг ялгаад бичнэ. Хэрэв бодлогын нөхцөлөөр зөвхөн нэг хэсэг өгөгдсөн бол шууд 4.2 алхам луу шилжинэ.

Дүрэм 1. Зөрчилдөөнд орж байгаа хос хэсгийн нэг нь заавал эдлэл байх ёстой.

Дүрэм 2. Зөрчилдөөнд орж байгаа хосын 2 дахь хэсэг нь эдлэлтэй шууд харилцан үйлчлэлцэж байх ёстой (багаж, хоёр дахь эдлэл болон гадаад орчин).

Дүрэм 3. Хэрэв хэсгүүдийн аль нэг нь (багаж) бодлогын нөхцлөөр 2 төлөвт оршиж болохоор байгаа бол энэ хоёр төлөвөөс үйлдвэрлэлийн гол үүрэг (энэ техникийн системийн бодлогод заагдсан)- ыг илүү сайн гүйцэтгэж байгаа төлөвийг нь сонгоно.

Дүрэм 4. Хэрэв бодлогонд нэгэн төрлийн хоорондоо харилцан үйлчилж зөрчилдөөнд орж байгаа олон хос хэсгүүд байвал нэгийг нь сонгоход хангалттай.

2.3 Харилцан үйлчлэлд орж байгаа бүтээгдэхүүн болон багажны хоорондын 2 үйлчлэл (үйлчлэл, шинж чанар)- ыг бичнэ. Үүнд одоо байгаа болон нэмж оруулах шаардлагатай байгаа (ашигтай мөн хортой) үйлчлэлийг бичнэ.

2.4 Бодлогын загварыг стандарт маягаар томъёолж бичихдээ зөрчилдөж байгаа хос хэсгийг болон техникийн зөрчлийг заана.

3-р хэсэг. Бодлогын загварыг шинжлэх

3. Бодлогын загварт орж байгаа хэсгүүд дотроос өөрчлөх, хувиргах, солих гэх мэтэд хялбар тэр хэсгийг заана.

Дүрэм 5. Байгалийн гаралтай объектийг өөрчлөхөөс техникийн гаралтайг өөрчлөх нь хялбархан.

Дүрэм 6. Багажийг өөрчлөхөөс эдлэлийг өөрчлөх нь хялбархан.

Дүрэм 7. Хэрэв систем дотор хялбархан өөрчлөх хэсэг байхгүй бол гадаад орчинг заах ёстой.

3.2 ТТШ (Төгс Төгөлдөр Шийдэл)-ийг стандарт маягаар бичнэ.

.... хэсэг нь (3.1 –д заагдсан хэсгээ дурдаад) (дараа нь хортой арилгах үйлдлээ бичээд) өөрөө алга болно, дараа нь хадгалж байх хэрэгтэй үйлдлээ бичнэ (ашигтай үйлчлэлээ дурдана).

Дүрэм 8. ТТШ-д ӨӨРӨӨ гэдэг үгийг заавал бичих ёстой.

3.3 ТТШ- ийн дагуух харилцан үйлчлэх цогц хоёр үйлчлэлтэй шууд зохицохгүй байгаа хэсгийн яг тэрхэн бүс (3.2- д заагдсан)- ыг тодруулж заана. Энэ хэсэг нь бодис уу орон уу гэдгийг заана.

3.4 Харилцан зөрчилдөж байгаа хэсгийн тодруулсан бүсийн нөхцөл байдалд илэрсэн харилцан зөрчилтэй физикийн шинж чанар (үйлчлэл, шинж чанар)- ыг бичнэ.

А. Нэгдүгээр үйлчлэл (ашигтай буюу хадгалж үлдэх ёстой үйлчлэл)- д зориулж зайлшгүй ийм байх (физикийн халуун, цэнэгтэй, хөдөлгөөнтэй гэх мэт төлөвийг заана) ёстойг заана.

Б. Хоёрдохи үйлчлэл (хортой буюу гаднаас оруулах ёстой үйлчлэл)- д зориулж зайлшгүй ийм байх (физикийн хүйтэн, цэнэггүй, хөдөлгөөнгүй гэх мэт төлөвийг заана) ёстойг заана.

Дүрэм 9. А болон Б талд заагдсан физикийн төлөвүүд нь харилцан эсрэг тэсрэг байх ёстой.

3.5 Физикийн зөрчлийг стандарт маягаар томъёолж бичнэ:

(Сонгож авсан хэсэг) нь (ашигтай үйлчлэлээ бичээд)- ыг гүйцэтгэхийн тулд (3.4 А- д заагдсан төлөв байдалтай) байна, мөн түүнчлэн (хортой үйлчлэлээ бичээд)- ыг гүйцэтгэхийн тулд (3.4 Б- д заагдсан төлөв байдалтай) байна.

4-р хэсэг. Физикийг зөрчлийг шийдэх нь

4. Ялгасан бүсийг энгийнээр хувиргаж үзнэ:

А. Зөрчилтэй шинж чанарыг орон зайд хувааж үзнэ.

Б. Зөрчилтэй шинж чанарыг цаг хугацаанд хувааж үзнэ.

В. Харилцан эсрэг төлвүүд нь шууд буюу хувирч илэрдэг завсрын төлөв байдлыг ашиглан замаар зөрчилтэй шинж чанарыг хувааж үзнэ.

Г. Хэсгийн тодруулсан бүс одоо байгаа төлөвөөр хуваагдахаар, харин тодруулсан бүх бүс нь шаардлагатай (сөргөлдөж байгаа) төлвүүдээр хуваагдаж байхаар бүтцийг өөрчлөн зөрчилтэй шинж чанарыг хувааж үзнэ.

Дүрэм 10. Зөвхөн ТТШ- тэй тохирох хувиргалтыг авч үзнэ (ө.х. өөрөө өөрийгөө гүйцэлдүүлдэг).

© Альтшуллер Г.С., Журнал "Техника и наука", 1979, №5
КАК РЕШАТЬ ЗАДАЧИ

Орчуулсан Т.Батууг

2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)