Шинийг сэдэх бодлогын онол : Хичээл № 2 Бооронгийн шинжилгээ

Хичээл № 2 Бооронгийн шинжилгээ

Бооронгийн шинжилгээ


Бодлогын далай дахь луужин

Одоохондоо толь бичигт байхгүй ҮГ

Эхний хичээлээс хийсэн үндсэн дүгнэлтээ сэргээн саная: техникийн бодлогыг бүтээлчээр шийдэхэд, техникийн болон физикийн зөрчлийг нь алхам алхмаар илрүүлэн арилгаж чадах программ хэрэгтэй байна. Эндээс “Ийм зөрчлүүдийг шийдэхгүй бодлого байдаг уу” гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг юм.

Бодлого 7. Илчээр зөөлөрдөг хуванцар материал (пластмасс) байна. Үүгээр зүү шиг өргөснүүдтэй, хааш хаашаа метр хэмжээтэй хуудас хийх ёстой. Өргөс нь сантиметр, квадрат тутамд арав гаруй, 10 мм өндөртэй. Өндөр бүтээлтэй, энгийн хямд арга бодож олно уу? Цутгах болон хэвлэх арга нь хэтэрхий их гологдол гаргадаг.

Зөрчил нь ил харагдахгүй байгаа ч бодлого өгөгдсөн тул бодож эхлэж болно. Эхний хичээл дээр бид, соронзон оронд удирдагддаг нунтаг бодисыг өөр бодистой холих юм уу үйлчлүүлж, төлөв байдлыг нь удирдаж чадсан нэлээд олон төхөөрөмжийг үзсэн билээ. Тэгвэл одоо энэ зарчмаа хэрэглэх гээд оролдоё. Хуванцар руугаа соронзон чанартай нунтагийг холино гэж төсөөлж үзье. Одоо халааж, зөөлрүүлсэн хуванцартаа зүү хэлбэртэй соронзон ойртуулаад дараа нь аажмаар холдуулбал, зүү болгон нь хуванцарыг утас шиг нарийхнаар хөвнө. Ингээд өргөснүүд маань бэлэн боллоо.

Бодсон явцаа химийн урвалыг илэрхийлдэг томъёо шиг бичицгээе. Бодлогын нөхцөлд өгөгдсөн бодисыг В үсгээр тэмдэглэе. Тасархай сумаар өгөгдсөн бодис бодлогын нөхцлөөр муу удирдагддаг, ө.х. түүнийг удирдаж сурах ёстой:

 В

Одоо хариултаа бичье. Бид В бодисонд үйлчлэх Вф соронзон нунтаг, соронзон нунтганд үйлчилдэг Пм соронзон оронг гаднаас оруулсан:

Пм

Вф

В (1)

Бодлогын нөхцлөөр “өгөгдсөн” болон “бодсон нь” гэсэн хэсгүүдээ давхар сумаар холбовол, энэ сум нь бидэнд “бодлогыг бодохын тулд ... рүү шилжинэ” гэсэн үгийг орлож өгнө.

Пм

В

Вф

В

Дээрх бичиглэл бодолтын явцыг тодорхой харуулж чадаж байна. Шууд үйлчлэлд муу ордог (В) бодис байжээ. Бид тойрч гарах маягаар, хоорондоо сайн үйлчилдэг “соронзон орон – соронзон нунтаг” (Пм-Вф) гэсэн хослолыг сонгон авч, өгөгдсөн бодистой нэгтгэх замаар удирдлаганд сайн ордог болголоо. Бодлогын гүнд нуугдан байсан зөрчил ил гарч ирсэн төдийгүй бид энэ зөрчлийг шийдэж чадлаа, орон бодисонд нөлөөлөхгүй (орон байхгүй бол хуванцар хуудсан дээр өргөснүүдийг хэвлэж чадахгүй байх сан) байснаа орон бодисонд нөлөөлдөг боллоо (соронзон нунтаг гэсэн хоёрдахи бодисоор дамжуулж нөлөөлнө).

Дараагийн бодлогын нөхцлийг Та бараг гүйцэд уншилгүй шахам бодчих байх гэж би тааж байна. Уул бодлого нь нэлээдгүй хүнд бөгөөд техник сэтгэлгээний дугуйлангийн хичээлд байнга ашиглагддаг мөртөө сургалтаас өмнө ганц ч удаа зөв бодогдоогүй юм даа.

Бодлого 8. Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэдэг үйлдвэрт туршилтын багашиг (30 х 20 м) талбай байдаг байжээ. Энэ талбайд машинаа байрнаас хөдөлгөх, эргүүлж ухраах зэргээр туршдаг байна. Үйлдвэр нэлээд олон улсад машин нийлүүлэх захиалга шинээр авчээ. Тооцож үзэхэд 150 янзын хөрсөнд туршилт явуулах шаардлагатай болсон байна. 150 янзын хөрстэй туршилтын талбайг шинээр барих уу, яах вэ?

Мэдээж, хөрсөндөө соронзон нунтаг хийж холиод соронзон оронгоор үйлчлэх замаар туршилтын ганц талбайдаа хөрсний шинж чанарыг өөрчлөж болно.

Соронзон орон соронзон нунтагтай маш сайн хосолж ажилладаг. Ийм ч учраас техникийн олон шийдлүүдийг (1) томъёоллоор бичиглэж болно. Энд хэрэглэж байгаа соронзон орон, соронзон нунтаг болон бодис (эдлэл) – ээс тогтсон гурвалжинг соорон гэж нэрлэдэг. Энэ нэр томъёо одоохондоо ямар ч толь бичигт хараахан ороогүй байгаа шинэ үг юм...

БООРОН – ТЕХНИКИЙН ХАМГИЙН БАГА СИСТЕМ

Өөр бусад оронгууд ч оршдог бөгөөд тэдгээр оронтой сайтар үйлчилдэг бодисууд ч бас бий. Иймд соорон бол хоёр бодис нэг оронгоос тогтсон гурвалжин - бооронгийн (бодис ба орон гэсэн үгнээс нэр томъёо үүсчээ) тухайн тохиолдол мөн юм.

Бодлого 9. Хөргөгчийг хөргөх шингэнээр цэнэглэсэний дараа шүүрч байгаа эсэхийг нь шалгах шаардлагатай байлаа. Танд санаа байна уу?

Бодолтоо бооронгийн томъёо хэлбэрээр бичицгээе:

П

В1

В1

В2

В1 гэсэн бодис (шүүрч байгаа шингэн) өгөгдсөн байна, энэ бодис нь өөрийн байгаагаа илрүүлэх дохио өгдөг болгох шаардлагатай (В1- ээс чиглэсэн тасархай сум). Бодлогыг бодохын тулд бид өөрийн байгаагаа “дохиолдог” П оронтой В2 гэсэн бодисыг В1 бодистойгоо нэгтгэх шаардлагатай. В2 бодис болгож жишээ нь люминофор ашиглаж болно. Үүссэн “урвалыг” дараахь байдлаар бичвэл тохиромжтой:

П

В1

В1

В2

(2)

П`

В1 бодистой холбогдсон В2 бодис нь П гэрлийн (цахилгаан соронзон) орон болгож хувиргаж, гаралтандаа амархан илрэх дохио үүсгэж байна (П' орон).

Патентын мэдээллийн санд 1 болон 2 гэсэн “урвал” дээр үндэслэсэн санаандгүй, хүчтэй, хурц маш олон шийдлүүдтэй танилцаж болно. Бодлогыг бодоход яагаад хүнд хэцүү байдаг вэ гэхээр бооронгийн “хэлтэрхий” өгөгддөг учраас л тэр юм. Ийм “хэлтэрхий” – тэй ноцолдож зовохын оронд гурвалжинг гүйцээх шаардлагатай.

Чухам яагаад гурвалжин гэж?

Энэ асуултыг асуултаар хариулж байна: Математикт яагаад гурвалжин ийм их ач холбогдолтой байдаг вэ? Яагаад гурвалжинг судалдаг тусдаа салбар тригонометр үүссэн юм бэ? Хариулт нь энгийн: гурвалжин бол геометрийн хамгийн цөөхөн хэсэгтэй энгийн дүрс бөгөөд дурын дүрсийг гурвалжнаар хувааж болдог. Боорон бол – хамгийн бага техникийн систем. Дурын техникийн системийг бооронгийн нийлбэр хэлбэрээр илэрхийлж болно. Жишээ нь, (2) томъёоны баруун хэсэг ромб буюу хоёр гурвалжин байна. Иймээс л бооронг босгох болон өөрчлөх тухай дүрмийг мэддэг байх нь маш чухал юм. Хамгийн энгийн дүрмийг та бүхэн хэдийнээ мэддэг болсон: хамгийн бага техникийн системийг бүрдүүлэхэд хоёр бодис ба нэг орон хэрэгтэй.

Бодлого 10. Нэгэн ижил хэмжээ болон нягттай модны өөдөс. холтостой холилсон байна. Тэдгээрийг яаж ялгах вэ?

Ерөнхий дүрмээ мэдэж байхад энэнээс хялбархан бодлого гэж юу байхав дээ... Хоёр бодис өгөгдсөн байна, нэг оронг нэмэх хэрэгтэй. Бид дөрвөн янзын оронг мэддэг: цахилгаан соронзон, таталцлын, сул болон хүчтэй үйлчлэлийн. Цөмийн хүчийг ийм зорилгоор ашиглалтай биш сүүлийн хоёр оронг орхиё. Бодлогын нөхцлөөр бол хүндийн хүч тохирохгүй нь (бодисуудын нягт нь адил). Тэгвэл бооронг гүйцээж босгоход цахилгаан орон хэрэгтэй юм байна. Яг л математик бодож байгаа мэтээр бодлогын шийдэлд дөхөж ирлээ, одоо бид шийдвэрлэх ганцхан туршилт хийх болно: хэрвээ бодисууд янз бүрээр цахилгаанждаг бол бодлого маань шийдэгдэх нь тэр ээ.

Гэвч бодисууд маань ижилхэн цахилгаанждаг (зүгээр л санаандаа дүрслэе) бол яах билээ? Тэгвэл холилдсон бодисууд дээрээ В3 гэсэн бодис - ядаж соронзон нунтагаа ч болох нээ нэмж өгөхөд хүрнэ. Тэгвэл цогц боорон үүснэ:

Пм

(В2В3)

В1 (3)

Цогц боорон босгох нь бидэнд бооронг гүйцээх дүрмийн үйлчлэх хүрээг өргөтгөж өгч байна.

Дашрамд, “бодис” ба “орон” гэсэн үгнүүдийг үзье.

Бооронгийн шинжилгээнд (ө.х. техникийн системийг хувиргах ба шинжлэх үед бодис – оронгийн бүтцийн шинжилгээнд) “бодис” гэдэгт зөвхөн бодис ороод зогсохгүй техникийн систем буюу түүний хэсэг нь бүр заримдаа гадаад орчинг авч үздэг. Жишээ нь, хэрвээ мөс зүсэгч усан онгоцны хурдыг нэмэх тухай яригдахад бодис болгож мөс зүсэгч онгоц болон мөсийг авна.

Физикээс бидний мэдэх “хууль ёсны” дөрвөн оронгоос гадна бооронгийн шинжилгээнд дулааны, чимээний, механик гэсэн “орон” ашигладаг. Бооронгийн шинжилгээний тухай үсэглэлийн хичээлийг дуусгахад, бодисыг мөрний үенд бичдэг, орж байгаа орон нь мөрний дээр нь, гарч байгаа орон нь мөрний доор бичигдэнэ. Боорон ер нь (тухайлан онцгойлоогүй) гурвалжингаар, үйлчлэл нь ерөнхийдөө зураасаар, шаардлага хангаагүй үйлчлэл нь долгиондсон буюу тасархай зураасаар тус тус тэмдэглэгдэнэ.


Бодлого 11. Нэлээд томоохон пүршийг (100мм урттай, 10 мм диаметртай) хоёр юмны завсар, жишээ нь номны хуудсаны завсар агшаасан байдалтайгаар хавчуулж хаах хэрэгтэй болжээ. Пүршээ хуруугаар хавчиж агшаасан ч болно. Гэхдээ дараа нь номоо хаахаас өмнө хуруугаа авах хэрэгтэй...Иймэрхүү байдал нэлээд олон төхөөрөмжийг угсрахад үүсдэг юм. Пүршээ хавчаад, тавьсны дараагаар л номоо хаах хэрэгтэй. Гэхдээ пүршээ тэнийлгэхгүйн тулд яах ёстой вэ? Пүршээ утсаар зангидаж болохгүй, тэгвэл төхөөрөмж дотор ажиллахгүй болно.

Бодолтыг бооронгийн зураглалаар үзүүлээрэй. Юу өгөгдсөн байна вэ? Бооронг гүйцээж босгоход юу нэмэх хэрэгтэй юэ? Таны сонгосон боорон чинь чухам юу вэ: ямар бодисууд авав, ямар орон сонгов, орон нь яаж ажиллахав?

ТРОЯНЫ МОРИНЫ НҮҮДЭЛ

Троя хот бүслэлтийг арван жил тэссэн гэдэг. Мэргэн ухаант Одиссейгийн зөвлөгөөг даган грекүүд асар том модон морь бүтээжээ. Мориныхоо дотор нь зэвсэглэсэн цэргүүдийг нуужээ. Грекүүд морио үлдээн, бүслэлтээ буулгасан дүр үзүүлэн буудлаа орхин далайд гарчээ. Троячууд орхигдсон буурин дээрээс модон морийг олж олзоо хотдоо оруулав. Шөнө нь морин дотроос цэргүүд гарч ирэн, харуулыг устган хаалгыг нээснээр Троя хот сүйрлээ...

Гомер бооронгийн шинжилгээ үүсэхийг урьдчилж харсан гэж батлах нь илүүц хэдий ч бооронгийн шинжилгээний нэгэн чухал санаа трояны морины түүхэнд туссан байдаг юм. Даалгаврын мөн чанар нь юу вэ гэвэл, хэрвээ ямар нэгэн бодис бидний хүссэний дагуу өөрчлөгдөж удирдагдахгүй, мөн түүнчлэн байрлалаа мэдээлж өгөхгүйд байдаг. Зөрүүд бодисыг амжилтгүй бүслэх нь хэдэн жилээр ч үргэлжилж болно. Трояны морь- бидэнд юу хэрэгтэйг гүйцэтгэж чадах нэмэлт бодисыг хэрэглэх хүртэл ямар ч зүйл бүтэхгүй.

Бооронг гүйцээх чухам санаанд, (1) гэсэн томъёонд трояны морины нүүдэл харагддаг. Мөн түүнчлэн В3 гэсэн цогц бооронгийн томъёонд ч трояны морины нүүдэл тод харагдана. Гэвч заримдаа бодлогын нөхцөл нь “гаднаас нь“ бодис оруулахыг шууд хориглосон байдаг. Бооронгийн шинжилгээ нь энэ тохиолдолд трояны морины бүхэл бүтэн сүрэг – тойрч гарах аргуудын багцыг санал болгодог. Тэдгээрийн заримыг толилуулъя:

  • Нэмэлт хэрэглэхгүй, нэмэлтийн дүрслэлийг хэрэглэх;
  • Бодис нэмэхгүй, орон нэмнэ (цахилгаанжуулах,соронзжуулах);
  • Нэмэлтийг хэт бага тунгаар оруулах;
  • Нэмэлтийг дотор нь өгөх биш гадаад орчинд нь өгөх;
  • Нэмэлтийг түр хугацаанд л өгөх;
  • Нэмэлт болгож байгаа бодисуудаас онцгой төлөвт шилжүүлж ашиглах;
  • Нэмэлт болгон дараа нь ялгарч зайлуулагддаг химийн нэгдэл ашиглах.

Бодлого 12. Нэхмэлийн суурь машинд утас хөвөрч гүйнэ. Утас татагдаж сунаж хангалттай урт зам туулдаг. Утасны суналтыг яаж хэмжих вэ? Утсаа зогсоож болохгүй. Утсан дээр гадны бодисоор, бүр өчүүхэн хэмжээгээр ч гэсэн түр зуур ч болтугай тэмдэг тавьж болохгүй. Яах вэ?

Ердийн сэтгэлгээний үүднээс бол дээр дурдсан хязгаарлалтууд нь бодлогыг улам хүндрүүлэх сэн. Харин бидэнд бол эдгээр хязгаарлалтууд нь бодлогыг улам хөнгөлж өгч байна: трояны долоон мориноос хоёрыг нь тайван орхиё доо...

БОДИС БАЙНА, БОДИС БАЙХГҮЙ: МАШ АМАРХАН …

Техникийн зохион бүтээгчдийг аль эртнээс бухимдуулдаг зүйлийн нэг нь шинийг сэдэх бодлогын хязгааргүй олон янз байдаг нь юм. Нээрээ ч бодлогууд нь давташгүй олон янз байх юм бол нийтлэг нэг аргаар яаж шийдэх вэ дээ? Бодлогуудаа салбараар болон үүргээр нь ангилах гэж оролдсон нь будлианыг л улам нэмж: яагаад ч юм төмөрлөгийн үйлдвэрийн нэг бодлого нь цахилгаан техникийнхтэй төстэй, тэгснээ хэмжигдхүүнийг хянах тухай ив ижилхэн хоёр бодлого шал өөр аргуудаар бодогдоно...

Бооронгийн шинжилгээ нь бодлогуудыг ангилах өөрийн гэсэн зарчимыг өгсөн юм. Бодлогын загвар нь хэдэн хэсгээс (бодис, орон) тогтох вэ? Ямар хэсгүүд (бодис, орон) байна вэ? Нэмэлт хэсэг оруулж болох нь уу? Бодлого нь хэмжих төрлийн (гаралтан дээр нь орон хэрэгтэй) буюу өөрчлөх төрлийн (оролтон дээр нь орон хэрэгтэй) аль нь вэ? Анх харахад гажиг гэмээр зарчим байгаа биз. Гэвч химийн элементүүдийг атомын электроны гадна давхарга дахь электроны тооноос нь хамааруулсан ангилал ч гэсэн бидэнд тийм гажиг санагддаггүй билээ...

Бооронгийн шинжилгээ нь гаднын, санамсаргүй бүх зүйлсийг орхиж, бодлогоо анги тус бүрт нь тохируулж бодож болох ангиллыг байгуулах боломж олгодог юм.

Бүх бодлогыг бодлогын загвар дахь хэсгийн тооноос нь хамааруулан гурван төрөл болгож хуваана (нэг, хоёр болон гурван хэсэгтэй; илүү төвөгтэй загварууд ч эдгээр гурван төрөлд нэгтгэгдэнэ). Нэгдүгээр төрлийн бодлого нь “бооронг” гүйцээж шууд бодогдоно. Яг л хими шиг: бүх галогенууд электроны гадаад давхаргатаа электрон нэмж гүйцээж авахыг эрмэлздэг шиг. Энэ ерөнхий чанартай нь харьцуулбал янз бүрийн галогений хоорондын ялгаа нь хоёрдугаар зэргийн асуудалд тооцогддог.

Хоёр болон гуравдугаар төрлийн бодлогууд ч гэсэн “шууд” – ямар ч шинжилгээгүйгээр шийдэгддэг. Нөгөөтэйгүүр, бооронгийн шинжилгээ нь анги болгонд (эдүүгэх ангиллаар тэдгээр нь 18 байгаа) зориулсан ерөнхий томъёог санал болгож, бодох чигийг заадаг. Ихэнхдээ эдгээр томъёо нь шууд хариултыг ч өгдөг. Заримдаа шийдэлд шинжилгээгээр “хүрэх” нь ч байдаг. Гэхдээ л чигээ мэдээд бодох нь амархан шүү дээ.

Бодлого 13. Дулааны цахилгаан станцад нүүрсийг бөмбөлөгт тээрэмд бункерээс өгөхдөө шурган тэжээгүүрээр дамжуулдаг. Нүүрсээ нунтагласны дараа тоос дамжуулах хоолойгоор дамжуулан ангилуурт өгнө. Том хэсгүүд нь дахин нунтаглалтанд, тоос болтлоо нунтаглагдсан нүүрс нь зуух руу очно. Нүүрс хуурай үед ямар ч асуудалгүй байдаг ч үе үе хэт чийгтэй нүүрс ирдэг байна. Нойтон нүүрс тэжээгүүрийг бөглөж, тээрэм рүү дамжуулах хоолойны хананд наалддаг. Яах вэ?

Энэ бодлого гуравдугаар төрлийн (гурван хэсэг өгөгдсөн), бодлогын зургаан ангийг агуулсан байна. Хэрэгтэй ангийг олох нь их амархан: бидэнд бооронг эвдэх бодлого таарсан байна. Одоо байгаа хоёр бодисын хооронд нь байгаа бодисуудын аль нэгнийх нь дүрс хувиргасан гуравдахи бодисыг (буюу хоёр бодисын холимогийг дүрс хувиргасан) оруулах аргаар энэ ангийн бодлогыг бодохыг бооронгийн шинжилгээ зөвлөдөг.

П

П

B1

В2

В1

В2

В3 (В`1 или В`2) (4)

Бидний өмнө дахиад л зөрчлийг даван туулах томъёо байна: гуравдахи бодис байгаа (тэгэхээр боорон эвдэрсэн) ч гуравдахи бодис байхгүй мэт (тэгэхээр энэ бодисонд зарцуулах зардалгүй, ямар ч асуудалгүй). Жишээлбэл, америкчууд тэжээгүүр болон хоолойг фторпластаар доторлохыг санал болгожээ. Боорон эвдэрсэн байна (гуравдахи бодисыг оруулсан). Гэвч нүүрс доторлогоог хурдан элээж байсан болохоор санаа амжилтгүй болжээ.

(4) гэсэн томъёоноос харвал гуравдахи бодисоор дүрс хувирсан нүүрс буюу дүрс хувирсан металл авах хэрэгтэй байна. Хүнд бодлого маань энгийн асуулт руу шилжлээ. Нойтон нүүрсэнд наалдуулахгүйн тулд металлыг яаж дүрс хувиргах вэ? Металлд наалдуулахгүйн тулд нойтон нүүрсийг яаж дүрс хувиргах вэ? Хариулт нь ойлгомжтой: металл болон нойтон нүүрсний хооронд нимгэн давхарга болгож хуурай нүүрс ашиглах хэрэгтэй. Дахин нунтаглалтанд орж байгаа нүүрсний нунтаг нь тэжээгүүрт очиж, нойтон нүүрсийг бүрхэг л дээ. Гуравдахи бодис байгаа ч гуравдахи бодис байхгүй: хуурай нүүрсний давхарга нь материалын зарцуулалт нэмж шаардахгүй, юу ч эвдэрэхгүй. Хэрвээ бодлогыг туршилт алдааны аргаар шийдсэн бол хичнээн удаа “хоосон буудах” байсан сан бол.

ФИЗИКИЙГ ТЕХНИКТЭЙ ХОЛБОХ ГҮҮР

Бооронгийн шинжилгээнд нэгэн чухал тал байдаг. Төвөгтэй бодлогыг бодох түлхүүр нь физикийн үйлчлэл байх удаа байдаг. Иймээс бодлогоос физикийн тохирох үйлчлэл рүү шилжих арга олох нь маш чухал юм. Бооронгийн шинжилгээ нь ийм арга мөн төдийгүй физикийн үйлчлэл нь бооронгийн хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

Энгүүндээ бол гүйцээж босгосон бооронгийн оролт болон гаралтан дээрх оронгийн нэрсийг холбож хайж байгаа физик үйлчлэлийнхээ нэрийг олж болно.

Бодлого 14. Дамжуулагч дахь хэт өндөр хүчдлийг (хэмжээ нь 2 000-2 500 кВ) болон гүйдлийг шууд хэмжих нь техникийн нэлээд төвөгтэй даалгавар байдаг. Үүний тулд хүчдлээс бүрэн хамгаалагдсан, маш нүсэр , “шаталсан" 10--12 м өндөртэй хийц байдаг байна. Энгийн бөгөөд нарийвчлалтай хэмжих арга олъё.

Бодлогын нөхцлөөр өгөгдсөнийг бичвэл:

П

(2) гэсэн томъёоны зүүн хэсэгтэй төстэй байна. Үнэндээ бол тэнд бодис өгөгдсөн байсан бол энд орон өгөгдсөн байна. Гэхдээ өөр томъёо одоогоор мэдэхгүй тул (2) гэсэн томъёотой адилтгаж ажиллая:

П2

П1

П1

В (5)

П`2

Одоо бидэнд бооронгийн хэлбэртэй хариулт байна: П2 оронгийн хэмжигдхүүнийг П1 оронгийн хэмжигдхүүнээс хамаарч өөрчилдөг тийм бодисыг П1 орон дотор оруулах хэрэгтэй. Хэрэв жишээ нь, бид 9- р бодлогынх шигээр гаралтан дээр нь гэрлийн орон байлгахыг хүсвэл цахилгаан- гэрлийн үйлчлэл (Керрагийн үйлчлэл) – ийг сонгоно.

Магадгүй тун ч ойрын үед багтааж “Физикийн үйлчлэл ба үзэгдэл бооронгийн хэлбэрт” гэсэн ширээний лавлах ном шинийг санаачлагч болгонд зориулагдаж гарах ч юм билүү...


ДАХИАД Л ДАСГАЛ

Томъёо хэдий сайхан ч хийсвэр дүрслэх чадвараа бас хөгжүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс томъёоноос урган гарсан санаандгүй сайхан санааг олж харах болон хүлээн авахад хүндрэлтэй болно.

Дасгалыг сэтгэхүйн хөшүүн байдлыг даван туулахад зориулав.

Дасгал 2. Хатуу орчинд амьдардаг зөгнөлт амьтан бодож олно уу. Энэ амьтан юунаас тогтох вэ? Яаж шилжих бол? Юугаар хооллох бол? Амьтны олон талт “хэлбэр” зохиохыг оролдоорой... Та нарын туулахыг оролдох саад бол амьтны ертөнцийн тухай тогтсон ойлголт байх юм.

© Альтшуллер Г.С., Журнал "Техника и наука", 1979, № 4

ВЕПОЛЬНЫЙ АНАЛИЗ

Орчуулсан Т.Батууг

2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)