Шинийг сэдэх бодлогын онол : Осол яаж “гаргах” вэ?

Осол яаж “гаргах” вэ?

Осол яаж гаргах вэ?

© Алексей Васильевич Подкатилин, Ольга Семенова

Осол, бүтээгдхүний чанар буурах, бүтээмж багасах,... Бүх юманд шалтгаан бий. Харин яаж тэрнийг нь тодруулах вэ? Эсвэл бүх зүйл бүтэмжтэй байх үед цохилт хаанаас ирж болзошгүйг яаж тодруулах вэ? Эсвэл осол гарчихсан бол шалтгааныг нь яаж олох вэ? «Хорлон сүйтгэгчээс» сэргийлж, түүнийг тодруулахын тулд өөрөө хувилбарыг эрэгцүүлж мөн тагнуулын дүрд тоглох хэрэгтэй…

Чухам энэ болгоны тухай Шинийг Сэдэх Бодлогын Онолын мэргэжилтэн ослын шалтгааныг тодруулах болон урьдчилан хэлэх талаар хосгүй туршлагатай нэгэн болох Алексей Васильевич Подкатилинтай бид хөөрөлдөж байна.

– Алексей Васильевич, танд «ослын» гэгдэх ямар даалгавруудыг шийдэх хэрэг гарч байв даа?
– Би нэлээд олон ослын шалтгааныг илрүүлж байлаа. Ихэвчлэн мэргэжилтнүүд ийм зүйлтэй тулгараад шийдэж чадахааргүй үедээ зөвлөхийг дууддаг юм. Мэргэжилтнүүд ч шантармаар хамгийн хүнд ажил нь зөвлөхөд л оногддог шүү дээ. Бүх юмаа шалгасан, бүгд зүгээр л юм шиг мөртөө суурь машин яагаад эвдрээд, бүтээгдхүүн яагаад гологдол болоод байна вэ гэдэг нь ойлгомжгүй. Чухам энд л бүтээлч чанар тодорч, зоригтой заримдаа бүр хорлон сүйтгэгчийн дүрд хүртэл тоглох шаардлага гарна. Гайхмаар дуулдаж байгаа биз? Гэхдээ хорлон сүйтгэгчийн дүрд орж баймааж нь л бид асуудлыг өөр харцаар харж чадна.

- Тэгээд хорлон сүйтгэгчийн дүрд хэрхэн орох вэ?

- Үүний тулд ердөө л бодлогыг урвуугаар нь тавих хэрэгтэй.

“Яагаад осол гарав?” гэж асуухын оронд “Яавал энэ осол гарах вэ?” гэж асууна. Тэгээд энэ осол нь ердөө л яавал өөрөө гарах вэ. Ингэж бид маш нийлмэл, төвөгтэй системийн хамгийн сул хэсгийг олж, ирээдүйд учирч болох ослын бодит шалтгааныг тодруулж чадна. Тодорхой жишээн дээр авч үзье.

Нэг үйлдвэр ус хөргөх төхөөрөмж гаргадаг байж. Энэ төхөөрөмж нь их хэмжээний усыг хөргөхөд зориулагдсан юм. Дээрээс нь хөргөх халуун усаа шүршиж өгдөг, нэлээд хэдэн метр өндөртэй, асар том төмрөн хайрцаг гээд бод. Шүршигдсэн ус сараалжийг мөргөн дуслууд болон задарч, хүйтэн агаараар үлээгдэн хөрнө. Орос, хятадын худалдан авагчдад зориулан гаргаж байхад онцын санал гомдол байсангүй. Гэтэл туйл орчмын үйлдвэрт суурилуулсан нь гомдол тасрахаа болив: хөргүүрүүд нь тэсэрч эхэлжээ. Бараг 2 метр диаметртай сэнс, минутанд хэдэн мянга удаа эргэлдэж байснаа сууринаасаа зад үсрэн, замдаа таарсан болгоныг бут цохино гээд бод доо... Шалтгаан нь туйлын нөхцөлд сэнсний далбан дээр ус хөлдөж байснаас болжээ. Эхлээд жижиг дусал хөлдөнө, аажимдаа томорсоор мөсөн дов үүснэ. Тэгснээ сэнс өөрийн эргэлтийн ачааг даахаа больж тас үсрэнэ. Хөргөх төхөөрөмжөөс хэдэн хэсэг зомгол л үлдэнэ. Яах вэ? Инженерүүд хөргөх төхөөрөмжийн ёроолд байгаа ус дээш үсэрч байна гэж эхлээд бодсон байна. Тэгээд хөргөх төхөөрөмжийг гүн болгохоор шийдэв. Гэвч энэ нь тус болсонгүй, хөргөх төхөөрөмж дэлбэрсээр... Компани санхүүгийн алдагдалд туллаа.

- Тэгээд яагаад ийм зүйл болоод байгаа талаар өөр санал огт байгаагүй гэж үү?

- Байгаагүй, инженерүүд яагаад усны дусал агаарын урсгалын эсрэг дээш хөөрч, сэнсний далбанд очиж байгаа учрыг ойлгосонгүй. Тэд энийг байх ёсой зүйл шиг хүлээж авсан юм. Сэнсний далбанг халааж, “сэгсрэх” гэж үзлээ... Тэгээд ч энэ хувилбарууд нь үнэтэй, төвөгтэй байсан даа.

- Та тэгээд ямар санал гаргав даа?

- Би ослын уг үндсийг төнхсөөр, жинхэнэ үнэнийг олсон. Бодлогыг эргүүлж тавиад “Ямар үед хөргөх төхөөрөмж өөрөө дэлбэрэх вэ?” гэсэн асуултанд хариулт хайсан. Тэгээд ч би хэдэн хариулт олсон юм. Ёроолоос ус үсрэх нь энд ямар ч хамаагүй байлаа. Гол шалтгаан нь сэнсний далбан эргэх үед агаарын хуйлрах үзэгдэл байсан юм. Мэдээж шалтгаан тодорхой болохоор шийдэх ёстой үндсэн асуудал ч тодорхой болж ирлээ. Асуудлыг маш хялбархан шийдэж, сэнс эсрэг талаас нь үлээж байхаар тооцоод, суурийг нь сольсон. Үүний тулд зургаахан боолт тайлаад, буцаагаад боосон юм. Хэрэв шалтгааныг нь олж чадвал асуудлыг ийм хялбарханаар шийдэж болдог байна шүү дээ.

- Бүх ослыг шийдэхэд үнэхээр ийм амархан гэж үү?

- Үргэлж ийм хялбар биш л дээ... Гэхдээ л бодлогыг эргүүлж тависнаар, бид асуудлыг өөр нүдээр харж, ингэснээр сэтггэлгээн дэх инерцийг авч хаядаг юм. Дахиад өөр жишээ үзье л дээ. Би холхивчний үйлдвэрт зөвлөгөө өгч байлаа. Захирал нь надад “Манай гаргаж байгаа бараг бүх холхивч эвдэрч байна. Бид юунаас болоод байгааг ойлгохгүй байна.” Энэ асуудлыг авч үзье л дээ... Холхивчинд зориулсан ган цагирагийг нэдрүүлэгдэж боловсруулахдаа бараг 100 тонн хүчээр дардаг. Энэ үед цагариг ховилд сууж бэхлэгдсэн байдаг. Асуудал нь цагариг бэхэлгээний тэндээ эвдэрдэгт байлаа. Яагаад эвдэрч байна вэ? Би асуултыг бас л эсрэгээр нь тавилаа: яавал цагариг бэхэлгээнээс өөрөө салах вэ? Хэрэв цагариг ялимгүй урагш тавигдах л юм бол, “савчиж” эхлэх бөгөөд ингэснээр яг нөгөө газраа эвдрэх болно. Гэхдээ л ийм их хүч хаанаас гарч байна вэ? Бодож гарлаа... Цагариг дээр үнэхээр их хүч дарж байлаа. Ийм хүчний үед төмөр яг л баримлын шавар аятай болдог. Цагариг эргэлдэж эхлэхэд ялимгүй урагшлаж, “хэрэгцээтэй” эвдрэл маань ч гарч таарна. Энэ л тайлбар болно доо.

- Өөрөөр хэлбэл, бодлогыг эргүүлж тависнаар эвдлээд байсан, “нууц” тэр хүчийг оллоо гэсэн үг үү?

- Тийм ээ, заримдаа далд байгаа шалтгаан болон хүчийг илрүүлэх амаргүй л дээ. Бас нэгэн тохиолдлыг ярия. Усан доогуур шумбагчид гүүрний тулгуурыг засч байжээ. Шумбагчийг нуруугаараа доош харан ажиллах үед гэнэт хүчилтөрөгчийн өгөлтийн хавхлаг нь гацах боллоо. Амьсгаа авахад хүндэрлээ. Дээш гарч хавхлагийг сэргээчээд дахин шумбалаа. Гацаад байх ил шалтгаан байдаггүй. Энэ тохиолдолд бас л “ослын эсрэг байдлын” арга тус болсон юм. Хавхлаг ажиллахаа өөрөө болихийн тулд юу хийх вэ? Шумбагчийг гэдрэгээ харахад үүсдэг тэр хүчний эсрэг хүчийг үүсгэх хэрэгтэй. Хавхлагны пүршний даралтыг ялимгүй өөрчлөөд л ийм хүч бий болгож асуудлыг шийдсэн юм даа би.

- Заримдаа техник буруугүй, харин хүн буруутай байх тохиолдол байдаг шүү дээ, тэгвэл яаж шалтгааныг нь олох вэ?

- Та хэн буруутай нь тодорхой биш байх тухайд асууж байна уу? Ийм тохиолдолд ч гэсэн “ослын эсрэг байдлын” арга тус болдог юм шүү. Нэг юм болоход, буруутан нь хэргээ хүлээхгүй удаа гардаг л даа. Энэ тохиолдолд шударгаар, техникээс өө хайхаа болиод “асуулга” явуулна даа. 60 метр гүнтэй худгийн насос эвдэрсэн явдал гарсан юм. Эвдэрхий насосыг татаж гаргах хэрэгтэй. Автокранаар татаж байтал 50 дахь метрт гацаж орхилоо. Юунаас болоод гацах вэ? Гээд л бодлоо, нэг нь багажаа цооногт унагасан юм болов уу? Ажилчдаас асуулаа, хэн нь ч үнэнээ хүлээдэггүй дээ... Гэхдээ л тооцоо зөв байсан, нэг нь амтай түлхүүрээ унагасан нь тогтоогдож билээ.

- Танд иймэрхүү явдал олон тааралддаг байх л даа. Ингэхэд Таны аргачлал тэдгээрээс сэргийлж чадах уу?

- Чадалгүй яахав. Хамгийн гол нь аргачлал шүү дээ. Бүр чухал нь энэ аргачлалыг эзэмшсэн хүмүүс юм. Тэгсэн цагт маш олон асуудлыг урьдчилж харж болно. Энэ нь хамаагүй хямд төсөр, аюул осол багатай болно, та ойлгож байна уу. Семинар дээрээ бид энэ аргыг эзэмшүүлдэг юм. Үүнээс гадна ослын эсрэг байдлын тухай болон ийм бодлогуудыг “ТРИЗ-профи” компанийн сайтад (www.triz-profi.com) байгаа инновацийн багцаас үзэж болно. Энэ нь системийн хамгийн сул хэлхээг, бүр төслийн үе шатанд ч хүртэл илрүүлэхэд туслана. Мэдээж бүх механизм өөрөө ажиллаад л, хэзээ ч эвдрэхгүй гэсэн үг биш л дээ. Харин хамгийн энгийн, дээд зэргийн найдвартай болгож болно. Заримдаа энгийн байдал – найдвартай чанарын баталгаа болдог. Цөөхөн эд ангитай байх тусмаа эвдрэх магадлал буурдаг. Туршлагаас харахад, техникийн бодлого болгонд энгийн, хямдхан хамгийн гол нь найдвартай шийдэл олддог юм. Тэгээд бүр хүссэн болгонд олдоно гээч. Бас энийг сурахад хэзээ ч оройтохгүй.

Ярилцлага хийсэн Ольга Семенова.

www.trizland.ru сайтаас авав.

Орчуулсан Т. Батууг 2009 он

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)