Шинийг сэдэх бодлогын онол : “4-н настай халиун” дууны домогийг нэтээр хайвал...

4-н настай халиун дууны домогийг нэтээр хайвал...

1. http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=110&t=41775

Цэцэн хан аймгийн захын Да вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Буйр нуурын баруун урд талд Ганган бэйл гэдэг олон хамжлагатай харгис ноён байжээ. Тэр ноёны шадар хиа хожгор Пүрэв гэгч:


Ганц хоёр ширхэг үстэй боловч 
Ганданбэйлийн элч 
Хэдхэн ширхэг үстэй боловч 
Хэбэй бэйлийн элч

гэж өртөө улаагаар явахдаа загнадаг их ширүүн догшин хүн байжээ. Мөн Гандан бэйлийн бага хатан Алим эрх дураараа аашилдаг өөртөө тусгүй санагдсан хүн бүхнийг ноёндоо ховлон тэр Пүрэвээр зодуулж цээрлүүлдэг заншилтай байжээ. Алим хатан ажил муу хийж өглөө гэж аягачин байсан жирэмсэн Сүрэнг зодож алахад бэйлийн хамжлага, Барамсайн Сэрээтэр гэдэг тамлагдан үхэж байсан тэр эмэгтэйг өмөөрөн шадар хиа Пүрэвтэй хэрэлдэж:


Ингэж биднийг зовоосноороо 
Эрлэг тамд ороорой 
Одоо биднийг тамласнаараа 
Очир тамд унаасай

гэж хараан тэмцэлдсэний учир баригдан тамлагдахынхаа даваан дээр Баазайн Доной гэдэг хамт адуу малладаг байсан нөхрийнхөө туслалцаагаар бэйл ноёны алдартай хурдан хүлэг дөрвөн настай борыг хулгайлан унаад Чивчин гэдэг барга хошуу руу оргожээ. Тэнд амь хорогдож байхдаа хааяа нутгынхаа зүүн талаар ирж алсаас ширтэн харахад Буйр нуурын зүүн урд байсан Хансар гэгч халхын дөрвөн сүм сүүмэлзэн дөрвөлжлөн үзэгдэхэд нутаг орноо санан гиеүрэхдээ


Дөрвөн настай бор нь 
Дөрөө жиймээр ергөөтэй 
Дөрвөлжлөөд харагдах бараа нь 
Халхын дөрвөн Хансар 
Босоо чихтэй бор нь 
Богдын хачингийн сүрэг 
Буцаад сөөргөө харъя гэтэл 
Буцмал Алимаас эмээлээ 
Төрсөн нутгаа очъё гэтэл 
Төрийн бэйлээс эмээлээ 
Таваар тавьсан гэзэг минь 
Талын ботуул шиг саглайж байна 
Танин мэдэхгүй чивчинтэй 
Танилцсан минь тавилан даа 
Ургуулж тавьсан гэзэг минь 
Уулын ботуул шиг сарвайж байна 


Дөрвөн настай халиун. 
1. Дөрвөн настай бор нь 
Дөрөө жиймээр ергөөтэй 
Дөрвөлжлөөд харагдах бараа нь 
Халхын дөрвөн Хансар 
2. Босоо чихтэй бор нь 
Богдын хачингийн сүрэг 
Буцаад сөөргөө харъя гэтэл 
Буцмал Алимаас эмээлээ 
3. Төрсөн нутгаа очъё гэтэл 
Төрийн бэйлээс эмээлээ 
Таваар тавьсан гэзэг минь 
Талын ботуул шиг саглайж байна 
4. Танин мэдэхгүй чивчинтэй 
Танилцсан минь тавилан даа 
Ургуулж тавьсан гэзэг минь 
Уулын ботуул шиг сарвайж байна 
5. Таваар тавьсан гэзэг нь 
Тааны бут шиг саглайж байна 
Тавалжаад харагдах бараа нь 
Танилцсан амрагын бараа юу

2. http://tovan.pms.mn/index.php?module=menu&cmd=content&id=83&menu_id=19

АРДЫН БОЛОН ТҮГСЭН ЗОХИОЛЫН ХОЁР ДУУНЫ ТҮҮХЭЭС

Билэгтийн Палам

Дуу бүхэн түүхтэй, дуучин бүр намтартай ажгуу. То вангийн хошуунд Нямын Жүрмэд, Сэсэржаагийн Дамчаа нарын сайн дуучид байсан тухай түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн байдаг. Үүний зэрэгцээгээр зохиолын дуу ард түмний дунд он удаан жил дуулагдан, ардын дуу болох нь цөөнгүй. Энд цагийн эргэлтэнд арилалгүй мөнхжин ирсэн зохиолын хоёр дууны түүхээс товч өгүүлье.

“То ван судлалын лавлах бичиг” номын 103-р хуудаснаа Илдэн вангийн хошууны ард Барамсайн Сэрээтэр гаргасан “Дөрвөн настай бор” дууг хэвлэгджээ [1].

Дөрвөн настай бор нь 
Дөрөө жийхэд ергөөтэй
Дөрвөлжлөөд харагдах нутаг нь 
Халхын дөрвөн Хансар уу 
      Босоо чихтэй бор нь 
      Богдын гачингийн унага даа 
      Буцаад харья гэхээр
      Буцмал Алимаагаас эмээгээд байна.
Таваар дарсан гэзэг нь 
Талын бутуул шиг саглайгаад байна. 
Танилцаагүй чивчин баргатай
Танилцсан миний заяа
      Ургуулж тавьсан гэзэг нь
      Уулын бутуул шиг саглайгаад байна. 
      Учираагүй чивчин баргатай
      Учирсан миний заяа 
Ганзган имтэй бор нь
Гачингийн сүргийн унага даа
Газар нутагтаа харья гэсэн
Гандан бэйлээс айгаад байна.

Энэ дууг То вангийн ач хүү М.Доржпаламын ноёны үед Б. Сэрээтэр гэдэг хүн зохиосон ажээ. Зохиогч Барамсайн Сэрээтэр хэмээгч энэ эрийн тухай мэдэх хүн хорвоо дээр үгүй мэт. Гагцхүү төрсөн ах Барамсайн Самдан лам л мэднэ. Мэдэхээр үл барам түүний төлөө сэтгэл зовнин суух ганц хүн нь байв.

Мөн номын 205-р талд: Сэрээтэр Барамсайн. 1858 онд Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошуунд төрсөн, ядуу ард гаралтай адуучин хүн. Дарлагч феодал отог захирсан бэйл Ганданданжинцэрэн гэр бүл Алимыг салган сууж, өөрийг нь элдвээр хавчсан учир Шившин барга руу аргагүйн эрхэнд дүрвэн гарчээ. Түүнд унага байхаас нь нүдлэж, ажлынхаа хөлсөнд авсан ганзага имтэй бор морь нь хань болно. Эх нутагаа санахын эрхээр “Дөрвөн настай бор” хэмээх дуу гаргасан нь эдүгээ ардын дуу болжээ. Бэйлийнхэн Сэрээтэрийг баривчлан, гүнзгий нүхний ёроолд хатааж алсан ба морийг нь буудаж устгасан байна, гэж зохиогчийн нь талаар бичжээ [2].

1939 оны 10-р сард Халхгол нутгийн ахмад сэхээтэн М.Дамдинсүрэн асан адуу сөргөж явахдаа Сутайн бор тойромын зүүн дээрхи нэгэн гэрт ороход, өндөр настай нэгэн хувраг хүн ганцаар суух бөлгөө. Тэрбээр:

-Би бээр эдүгээ 83 настай, миний нэр Барамсайн Самдан, дүүгээсээ  хоёр насаар ах, дүүг маань Барамсайн Сэрээтэр гэдэг. Дүүг минь энэ хошууныхан андахгүй мэднэ. Амьдрал ядуугаас би лам болж, хийд бараадсан. Дүү маань баяд ноёдын зарц болсон. Ноёд ихэстэй таарамжгүйгээс гадагш оргон зайлж, сүүлд нь баригдан, гүн хар нүхний ёроолд хоригдож турж үхсэн. Урьд төрийн үед мөн ч их зовлон үзлээ дээ, хэмээн хуучилжээ [3]. Ахынх нь энэ ярианаас үзэхэд Б.Сэрээтэр одоогоос 150 гаруй жилийн өмнө, 1858 онд төрсөн хүн байв. 
Б.Сэрээтэр нь То вангийн ач хүү, үнэн сүжигт, хошой чин ван М. Доржпаламын хошууны хүн агаад Гандан бэйлийн отгийн ядуу малчин ард байв. Гадаадад дүрвэх болсон шалтгаан нь отог захирсан Ганданданжинцэрэн бэйл Б.Сэрээтэрийн эхнэр Алимыг булаан авч, улмаар элдвээр хавчиж, шахах болсон байна.

Энэ үед ламын адуунд урьд огт унагалаагүй эрмэг харагч гүү босоогоороо унагалж, унага нь босоо газардсан байна. Адуучин Б.Сэрээтэр унаганы чихэнд “ганзага” им тавиад хүнд хэлэлгүй өнгөрчээ. Удалгүй Гандан бэйл Б.Сэрээтэрийг Халхын голд ирж морь худалдан авдаг байсан хятад худалдаачны адуучнаар томилж, өөрөөсөө холдуулжээ. Сэрээтэрийг тэнд байхад худалдагдан ирсэн морьдын дотор “ганзага” имтэй унага нь ороо, догшин бор морь болоод ирсэн байж дээ. Сэрээтэр хятад худалдаачдын адуучнаас болиход адуу сайн харсан гэж их шан амлахад нь надад газар хөл хоёрыг завсарлах ганц унаа хайрлана уу, өөр юу ч хэрэггүй гэхэд баян худалдаачин ганц морийг юман чинээнд бодолгүй өгчээ.

Эрхтэн дархтны тэсэхүйеэ бэрх хавчлага шахалтаар эх нутгаасаа харьд дүрвэн гарсан нэгэн эрийн хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, морин дэл дээр ганьхран явахдаа сэтгэлийн шаналааг өөрийн гаргасан энэхүү түрлэг дуугаар түр боловч тайтгаруулна. Эрэлхэг эр, эрэмгий хүлэг хоёр ижилдэн дасахдаа энэ орчлонгийн зовлон жаргалыг хамтдаа элээн, эгээ л нэг эхээс төрсөн ахан дүүс адил ижилдэн дасчээ.

Ингэж То вангийн хошууны сайн эр, хүлэг сайн морь хоёрын хувь заяа холбогджээ. Тэндээс Сэрээтэр нутагтаа очсонгүй, хошуу нутгаа орхин, Солон баргын нутагт оргон гарсан байна. Тэр цагаас Хайлаар хотоос хойш орших “Наагантайн нарс”, шинэ Барга баруун хошууны “Дүнгэнэх улиастай” хоёрын хооронд Сэрээтэр эх нутагаа санан санаашран, үдшийн бүрийгээр ганзага имтэй бор мориороо давхин явахдаа “Дөрвөн настай бор”-оо дуулаад давхидаг байсан аж. Энэ дуу анх нэлээд олон бадаг агаад: 


    Хатан дуугийг нь сонсохлоор 
    Халхын нутаг минь санагдана
    Урьхан дуугийг нь сонсохлоор 
    Вангийн нутаг минь санагдана,

- гэх зэргээр үргэлжилнэ.

Дуунд “Халхын дөрвөн Хансар уу даа,- гэж гарна. То ван хошууныхаа дөрвөн жасын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулсан. Барамсайн Сэрээтэрийн “Дөрвөн настай бор” дуунд гараад буй “Хансар” гэдэг нь “Жас” гэсэн үг агаад байрлалын хувьд аваад үзэхэд Бавуу бэйсийн дэнж дэх Их бурханы жас байж таараад байна.

Орчин цагийн уран бүтээлд ч энэ дуу тусгагдана. “Хэцүү ван Тогтохтөр” кино төгсөхөд хөгжимд “Дөрвөн настай бор” гэдэг дууны ая эгшиглэнэ [4].

1920 иод оноос хойш өөр нэгэн дууг Монголын шинжлэх ухааны хүрээлэнгийн анхны дарга Онход овогт Сангижавын Жамъянгийн өргөмөл охин Чимэд гаргажээ. Өөрийн нөхөр Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошууны ноён, хошой чин ван Манжбазарын Доржпаламыг дагаж 1922 онд Дундад иргэн улсад дүрвэн гарсан бөлгөө. Доржпалам ноёны ёслож авсан “төрийн хатан” нь өөд болоход Ж.Чимэдийг гэргий болгон авсан ба То вангийн хошууныхан түүнийг “хүүхэн хатан” хэмээн хүндлэн авгайлдаг байлаа. Харь нутагт дүрвэн гарсан Чимэд эх нутагаа санагалзан ийм нэгэн дуу гарган дуулдаг байсан ажээ.


Өндөр дээр гараад харахад 
Өөрийн минь нутаг санагдаад байна. 
Өндөр дээрээс буугаад ирэхэд 
Өвөр дүүрэн нулимстай байна.


Хадан дээр гараад харахад 
Хавийн нутаг харагдаад байна. 
Хадан дээрээс буугаад ирэхэд 
Ханцуй дүүрэн нулимстай байна…

Эх орноосоо дүрвэн гарсан М.Доржпалам ноён, агь Д.Пунцагцэрэнжалбуу нарын хувь заяа хэрхэн төгссөн нь тодорхой бус, харин хүүхэн хатан Ж.Чимэд нь Манжуурын хэлэлцээрт газар нутгийн нэр тодотгоход туслах үүрэгтэйгээр оролцсон байдаг. Энэ хэлэлцээрт Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ах Ж.Догсүрэн нь оролцсон тухай 2000 онд МУИС-ийн хүндэт профессор, Япон цэргийн хурандаа явсан  Ядамсүрэнгийн Шаарийбуу гуай [5] надад дурсан ярьсан бөлгөө.

Хэлэлцээрийн үед Япон Манжийн тагнуулын албанаас Ж.Догсүрэнг эгчтэй нь уулзуулах арга хэмжээ зохиосон тухай мэдээлэл дотоод явдлын яаманд байсан гэсэн мэдээлэл бий ажээ [6]. Хэрвээ ах дүү хоёр тэнд уулзаж ярилцсан бол Ж.Догсүрэнг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуулын албадтай холбоотой  “болгон” барьж хорих, улмаар буудан алах хангалттай шалтаг болох байлаа. Гэвч тэрээр хожим нь амиа егүүтгэсэн ба шалтаг, шалтгаан нь тодорхойгүй хэвээр үлджээ. Эх орноосоо дүрвэн гарсан Ж.Чимэд эргэж ирсэнгүй, харь газраас эх нутагаа санагалзан шаналахдаа энэ дууг гарган дуулж, сэтгэлийн зовлонгоо нимгэлдэг байжээ.


Дүгнэлт
1921 оны ардын хувьсгалын өмнө ба хувьсгал ялсны дараахан, хоёр өөр нийгэмд Сэцэнхан аймгийн Илдэн засаг хошуу, одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын хоёр иргэн хувь заяаны эрхээр гадаадад дүрвэн гарч, нутагаа санахдаа  зохион дуулж явсан  хоёр дуун нь эдүгээ ардын дуу болсон ба хоёул эх орон, эрх чөлөөний сэдэвтэй байна. 


Ном зүй 
1. Б.Палам. То ван судлалын лавлах бичиг. Нэгдүгээр дэвтэр. Хянасан Д.Дуламсүрэн. Улаанбаатар хот. 2004 он. 103-р тал

2. Б.Палам. То ван судлалын лавлах бичиг. Нэгдүгээр дэвтэр. Хянасан Д.Дуламсүрэн. Улаанбаатар хот. 2004 он. 205-р тал

3. М.Дамдинсүрэн. Буурал түүхтэй нутаг минь. Хянасан Б.Палам. Улаанбаатар хот. 1996 он. 26-29-р тал.

4. Г.Гантогтох. “Хэцүү ван Тогтохтөр”. Түүхэн сэдэвт уран сайхны кино зохиол. То ван судлалын нийгэмлэгийн архив.. Улаанбаатар хот. 1996 он

5. Дорнодын болор толь. Хянасан СГЗ Г.Аким. Дорнод аймгийн ЗДТГ. 2006 он.  
6. Маршал Х.Чойбалсангийн хоёр туслах хоёулаа амиа хорложээ.  “Өчигдөр” сонин. 1996 он. 19, 20 дугаар

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)